Валютын ханш өсөж, төгрөг “цаас” болж байна. Америк долларын эсрэг төгрөгийн Монгол банкны ханш өчигдөр 3322, арилжааны банкуудын ханш 3324, "Найман шарга" захын ханш 3510 төгрөгт хүрчээ.
Манай улсад дөрвөн төрлийн долларын ханш үүссэн байна гэж эдийн засагч Ж.Ариунболд ярьж байна.
- Монгол банкны ханш
- Арилжааны банкуудын ханш
- Найман шарга захын ханш
- Найман шарга дээрх проперси арилжаа хийж байгаа ханш. Энэ нь олон улсын карт руугаа доллар худалдаж аваад, олон улсын арилжаанд оролцож байгаа хүмүүсийн ханш юм.
Бидэнд хамгийн чухал ханш нь Найман шаргын хоёр ханш юм. Энэ хоёр ханш л ард иргэдийн бодит амьдралд шууд нөлөө үзүүлж байна. Учир нь банкнаас валют авъя гэхэд банк 300-500 доллараас илүүг өгөхгүй. Найман шарга зах дээрх долларын ханш 3500 төгрөг хүрсэн байна. Энэ нь цаашид өсөх хандлагатай байгаа юм. Дөрөвдүгээр сарын үед доллар 3000 төгрөг орчим байсан. Тав, зургаахан сарын дотор 10-15 хувь өссөн байна. Үүнийг буулгаж болох уу, энэ хэвээр нь барьж болох уу гэвэл барих ямар ч боломжгүй болсон байна.
“ВАЛЮТЫН ХАНШ ТУН УДАХГҮЙ 4500-5000 ТӨГРӨГ БОЛНО”
Жилийн таамаглалаар валютын ханш тун удахгүй 4500-5000 төгрөг болно. Валютын ханш өсөх гол хоёр шалтгаан бий. Үүнд:
- Манай улс валютын нөөцгүй болсон.
Манай улс гаднаас доллар оруулж ирэх ёстой. Гаднаас оруулж ирж байгаа ажил, үндэсний үйлдвэрлэлийн бодлого, бүтээгдэхүүн экспортолж байгаа зүйл байхгүй. Зөвхөн нүүрс л гаргаж байна. Долларын дотогшоо урсгал байхгүй учраас орлого зарлагын тэнцвэртэй харьцаа алдагдаж байна. Үүнээс улбаалан нийт иргэдийн дунд доллар худалдан авах эрэлт ихсэж байна. Эрэлт ихсэх тусам Монгол банкинд байгаа 2.4 их наяд долларын нөөц жил ирэх тусам буурсаар цаашдаа долларын нөөцгүй болох эрсдэлтэй байна.
- ОХУ-аас шатахуунаа бэлэн валютаар худалдаж авдаг.
Валютын нөөц багасч, төгрөгийн ханш илүү сулрах нь тодорхой байна. Жишээлбэл, гадаад нөхцөл байдал байна. Орос, Украины дайны асуудал болон барууны орнуудын эдийн засгийн хоригоос шалтгаалж байна. Манай улс Хятад, Орос хоёр улстай л экспорт, импортынхоо 90 орчим хувийг хийдэг. Тиймээс энэ хоёр улстай харилцах долларын гүйлгээний харилцаа дэлхийн улс орнуудад багасаж байна. Тэгэхээр цаашдаа долларын ханш өсөх нь ойлгомжтой болж байгаа юм.
“ТӨГРӨГИЙН ХАНШ УНАХАД НӨЛӨӨЛЖ БУЙ ГОЛ ЗҮЙЛ НЬ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”
Манай улсын төгрөгийн ханш унахад хамгийн гол нөлөөлж байгаа зүйл нь импортын бүтээгдэхүүн юм. Импортын бүтээгдэхүүний үнэ маш хурдан өсөж байна. Жишээлбэл, Өнгөрсөн жил 900 мянган төгрөгөөр найман нэрийн 50 бараа авдаг байсан бол одоо энэ мөнгөөр 25 бараа авч байна. Тиймээс гаднаас импортоор оруулж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийн савалгаатай байдлыг анхаарах хэрэгтэй.
ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Манай улсын зүгээс төгрөгийн ханшаа тогтвортой байлгахын тулд SWOP олон улсын гэрээ хэлцлүүдийг амжилттай хийх хэрэгтэй. Мөн үндэсний том компаниудын хувьцааг олон улсын зах зээлд гаргаж, гаднын хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай байна.
Мөн валютын ханшийг тогтвортой барьж, өөрт ашигтай байдлаар зохицуулалт хийхийн тулд дараах арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой юм.
- Үнэ цэн, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд гаргах шаардлага үүсэж байна. Ингэж бид доллар татаж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд санал болгох боломж байна.
- Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Хүнс, жимс ногоо, гурил зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээл, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогыг яаралтай явуулах шаардлагатай. Экспортод гаргадаг бүтээгдэхүүн нь бага. Импортоор оруулдаг бүтээгдэхүүн нь их учраас импортын бүтээгдэхүүн орлох бүтээгдэхүүн хийх зайлшгүй шаардлагатай. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогыг долларын эсрэг хүчтэй явуулах шаардлага үүссэн.
- Төгрөгийн тогтвортой байдлаа хангах ёстой. Монгол банкны үндсэн үүрэг бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Дэлхийн бүх улс орон төв банкныхаа бодлогын хүүг өсгөж байна. Манай улсын хувьд ч төв банкны бодлогын хүүг өсгөх шаардлага үүсэж байна.
- Төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага үүсэн. Цаашид нийт иргэдийнхээ цалин хөлсийг худалдан авах чадварыг дээшлүүлэхийн тулд төгрөгийн тогтвортой байдлыг урьдчилсан байдлаар хангаж, зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна.
- Валютын зах зээлийн валютын нөөц дээр онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд яаж анхаарах вэ гэвэл, валютыг зөвхөн экспортод авч байгаа бүтээгдэхүүнээ доллароор биш бусад валютаар дэмжих шаардлага үүсэж байна. Евро, юань, вон-оор гэх мэт. Арилжааны олон хэрэглүүрүүдийг гаргаж ирэхгүй, зөвхөн доллараар яваад байвал боломжгүй болж байна.
Урт хугацаандаа Оюутолгой, Тавантолгой гэдэг шиг дараагийн нөөцтэй, уул уурхайн баялагтаа суурилсан орон учраас баялгаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах нь хамгийн гол зорилго. Ингэснээр долларын төгрөгтэй харьцах ханш чангарах боломжгүй болно. Гол нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ДЭЛХИЙ ЗАХ ЗЭЭЛД ЭРЭЛТТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Мөн энэ асуудлаар эдийн засаг судлаач Л.Оюунаас тодрууллаа.
Валютын ханш өсөх нь давуу болон сул талуудтай.
- Сул талын хувьд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцийн төвшин нэмэгдэнэ. Манай улсын хувьд импортоор амьдардаг орон. Хэрвээ үйлдвэрлэгч орон байсан бол валютын ханшийн өсөлтөд өртөхгүй байх байсан.
- Эсрэгээрээ давуу талын хувьд төгрөгийн ханш унаж, долларын ханш чангарч байгаа нь экспортлогчдод маш ашигтай байдаг. Монгол улс илүү их бараа үйлдвэрлэж, экспортод гаргаж чадвал хямд төгрөгөөр үйлдвэрлэсэн барааг үнэтэй доллараар зарж, Монголын зах зээл рүү долларын урсгал орж ирэх ганц нөхцөл юм.
Долларын ханш өслөө, төгрөгийн ханш уналаа гээд хэт их сандрах шаардлагагүй юм.
Монголын барааг дэлхийн зах зээлд эрэлттэй болгох хэрэгтэй. Юу экспортлох вэ гэдгээ нарийн, тодорхой болговол Засгийн газар экспортлогчдоо дэмжсэн маш том цогц бодлого явуулж, зээл санхүүгээр дэмжих, татвар, гаалийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ авах ёстой. Аль алийг нь дэмжихийн тулд маш том суурь судалгаа хийнэ. Түүндээ үндэслэж ямар экспортыг дэмжих, ямар импортын барааг орлуулж үйлдвэрлэх вэ гэдэгт бодлого боловсруулах хэрэгтэй. Жишээлбэл, зарим тариаланчид 2-3 жил хураасан үр, тариагаа борлуулж чадахгүй хадгалж байна. Энэ нь манай улс экспортын тухай ямар ч бодлого судалгаагүй байгааг илтгэнэ.
Ямар бараа импортыг орлуулж болох вэ гэдгийг судлахад эхлээд гаалийн дэвтэрээс хаанаас ямар бараа, хэр хэмжээгээр, яаж орж ирэв гэдгийг судална. Жишээлбэл, манайх хуурай сүү авахгүй гэх мэт. Энд их хугацаа шаардагдахгүй. Тодорхой зорилго тавиад, хийж эхэлбэл богино хугацаанд хийх боломжтой юм.
Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс экспортын тухай олон судалгаа хийсэн байдаг. Эко бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн, зөгийн бал, чацаргана зэрэг дэлхийн танигдах боломжтой гол бараануудаа маш өргөн хүрээнд дэмжих хэрэгтэй.
“ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ГОЛ БОДЛОГО НЬ ЮАНИЙН ХАНШИЙГ ХАМГИЙН БАГА ТӨВШИНД БАРИХ”
Төгрөгийн ханш сул байхын давуу талын тухай нэг практик хэлэхэд, Хятад улсын эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа гол бодлого нь юанийн ханшийг байж болох хамгийн бага төвшинд барих байсан. Түүнийхээ ачаар өнөөдөр дэлхийн бүх өнцөг булан бүрт Хятадын бараа очсон байна. Экспорт маш их болсон учраас Хятад руу доллар орж ирдэг. Жишээлбэл, АНУ, Хятадтай гадаад худалдааны талаар маргаан гаргаж, олон улсын худалдааны байгууллагад ханддаг. Хятадын засгийн газарт хандан “Танайх юанийнхаа ханшийг битгийн зориуд бага байлгаад бай. Гадаад худалдаа эрхэлж байна АНУ-ын аж ахуйн нэгжүүдэд хохиролтой байна” гэдэг аж. Учир нь тэнд үнэтэй доллараар үйлдвэрлэсэн зүйлийг Хятад руу хямд оруулахаар алдагдал хүлээнэ. Тиймээс төгрөгийн ханш уналаа гээд санаа их зовохгүй байх боломж бий" гэлээ.