“Дайчилгаагаар дайнд явахыг би хүсээгүй. Тэгээд зугтаад Монголд ирлээ”, “Ажил олоод хийчих юм сан”, “Би Монголд яаж ийж байгаад учраа олчихно. Ар гэртээ л санаа зовж байна”, “Дайн хурдан дуусаасай”. Цэргийн дайчилгаанаас зугтан, Монголд дүрвэж ирсэн Оросын иргэд ийн ярьж, цөхөрч сууна.
Бид сурвалжилга бэлтгэхээр “Найман шарга” зах дээр өчигдөр очиход орос, буриад иргэдийн хөлд дарагдсан байлаа. Бүгд л мөнгө солиулахаар тэнд ирсэн нь илт. Харин камер хараад зугтаж, зураг, дүрсийг нь авахгүй байхыг хүсэж байв. Төрсөн нутаг, гэр бүлээсээ хол, хүний нутагт дүрвэж амьдарна гэдэг хүсэх зүйл биш нь ойлгомжтой. Тэд аргагүйн эрхэнд л Монголд төдийгүй бусад орон руу дүрвэж байгаа.
“Дүрвэж очсон орноос албадан буцаавал яах вэ. Тэгээд эх орноосоо зугтсан гэж хатуу шийтгэх юм уу хүчээр дайнд явуулбал яах вэ” гэсэн айдас, түгшүүрт Оросын иргэд автжээ. Энэ хэрээр Монголд ирсэн Оросын иргэдээс ярилцлага авах амаргүй байлаа. Бид удаан ярилцсаны эцэст зарим иргэдийн нэр, царайг нь ил гаргалгүйгээр ярилцлага авахаар болсон юм.
Эхлээд ярилцсан түүний нэрийг бид өөрчлөн Владимар гэлээ.
“БИ АЛЗАХГҮЙ. ОРОСТ ҮЛДСЭН ГЭР БҮЛДЭЭ Л САНАА ЗОВЖ БАЙНА”
-Та Монголд ирээд хэд хонож байгаа вэ?
-Өчигдөр ирсэн. Өнөөдөр мөнгө солиулаад явж байна.
-Хэдүүлээ ирсэн бэ. Гэр бүлийнхэн нь хаана байгаа вэ?
-Би найзтайгаа хамт ирсэн. Эхнэр, хүүхдүүд минь ОХУ-д байгаа. Би махны үйлдвэрт ажилладаг. Ажлаа, гэр бүлээ, бүх зүйлээ орхиод ирэх хэцүү байлаа.
Эхнэр, хүүхдэдээ л их санаа зовж байна. Тэд минь яажшуухан амьдарч байгаа бол. Намайг Монгол руу явчихсан гээд гэр бүлд минь ямар нэгэн юм болох вий гэж санаа зовж байна.
-Цэргийн дайчлагаа зарласны дараа гэнэт шийдэв үү. Урьчилаад төлөвлөчихсөн байсан уу?
– Дайн сунжирч, нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа. Орос улсад ашиггүй байдлаар. Тиймээс цэргийн дайчилгаа болох нь тодорхой байсан. Би урьдчилан төлөвлөж, юмаа бэлдчихсэн байсан юм. Цэргийн дайчилгаа зарлан, иргэдийг дайнд албан хүчээр явуулахаар болоход нь эргэлт буцалтгүй шийдсэн. “За, бушуухан явъя” гээд. Онгоцны тасалбарын үнийг судалж байгаад, аль боломжийн болсон үед нь ирлээ.
-Танай улсын Ерөнхийлөгч цэргийн дайчилгаа зарласан. Та дайнд явахгүйн тулд Монголд ирсэн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Би дайнд явахыг хүсээгүй. Орос, Украин улс найз нөхөд. Найзууд нэгнийхээ өөдөөс буу шагайдаггүй биз дээ.
БОЛОМЖИЙН БАЙВАЛ ГЭР БҮЛЭЭ АВЧ ИРНЭ
-Гэр бүлээ Монголд авч ирэх бодол бий юү?
-Монголд нөхцөл байдал, амьдрах боломж хэр байгааг харъя, судалъя гээд би түрүүлж ирсэн. Ирээд ганцхан хоносон болохоор “Ийм, тийм юм байна” гээд хэлэхэд эрт байна. Хэрвээ боломжийн байвал гэр бүлээ авч ирнэ ээ.
-Оросын иргэд Монголд нэг сарын хугацаанд визгүй зорчих эрхтэй. Энэ хугацаа дууссаны дараа хэрхэх бодолтой байна вэ. Эх орон руугаа буцах уу?
-Мэдээж би Монгол Улсыг, танай орны хуулийг хүндэтгэнэ, дагаж мөрдөнө. Сарын дараа юу болох нь уу. Харзнаж байгаад л шийднэ. Яг одоо бол нутаг буцахгүй л гэж хэлэхийг хүсэж байна. Гэтэл визний хугацаа дуусвал нутаг буцахаас өөр аргагүйд хүрнэ. Үнэндээ мэдэх юм алга. Ямар ч байсан намайг төдийгүй Оросын иргэдийг хүлээж авсан, эх орон руугаа оруулсан Монгол Улсад баярлалаа.
"БОЛОМЖ ОЛДВОЛ АЖИЛ ОЛООД ХИЙЧИХ ЮМ САН"
Дараагийн уулзсан иргэнийхээ нэрийг өөрчлөн, Виктор болгов.
-Монголд таньдаг хүн танд бий юү?
-Нэг найз минь байдаг. Найзындаа гурав хоноод байна. Найз минь нялх хүүхэдтэй. Олон хоног байж төвөг удахгүйг хүсэж байгаа. Тиймээс маргааш, нөгөөдрөөс хоноглох өөр газар олно оо.
-Буудал уу?
-Харин ээ. Монголын буудлын үнэ боломжийн ч олон хоногоор байхаар үнэ нь талийна. Гэр ч юм уу түрээслээд байвал хамаагүй төсөр байдаг гэж найз минь хэлсэн.
-Манай улсад сараар ч юм уу байх санхүүгийн боломж танд бий юү?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр нь оюутан. Талхны дэлгүүрт ажилладаг байлаа. Цалин минь хоёр хүүхдийн сургалтын төлбөр, гэрийн хэрэглээнд арайхийж хүрдэг байв. Хурааж, хуримтлуулсан юм надад байхгүй. В.Путин ерөнхийлөгч цэргийн дайчилгаа зарлангуут нь дайнд явахгүйн тулд Монгол руу зугтаад ирсэн, үнэнийг хэлэхэд. Хамаатны нэг эгчээс мөнгө зээлээд л яаруу сандруу наашаа ирлээ. Ойролцоогоор 10 хоноод мөнгө маань дуусна. Ажил олоод хийчих юм сан. Монголд ажил хэр олддог вэ?
-Үнэнийг хэлэхэд ажлын байр хомс. Одоо хүйтрэхээр барилгын ажил зогсоно. Та ямар ажил хийхийг хүсэж байна вэ?
-Олдож л байвал юу ч хийсэн яах вэ.
-Гэр бүл нь Орост үлдсэн юм уу?
-Тэгсэн. Хоёр оюутан хүүхдийн маань нэг нь эрэгтэй. Хүүг минь дайнд хүчээр аваад явчих вий гэж санаа зовж байна. Аваад ирье гэж их бодсон юм, уг нь. Даанч онгоцны тасалбар, бид хоёрт хүрэлцэх хэрэглээний мөнгө байгаагүй. Аргагүйн эрхэнд үлдээгээд ирлээ.
В.ПУТИН БУРИАДУУДЫГ АМЬД БАМБАЙ БОЛГОЖ БАЙНА
-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа зарлан, иргэдээ дайн руу татаж байна. Улсынхаа ерөнхийлөгчийн бодлого, шийдвэрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би В.Путин ерөнхийлөгчийг үргэлж дэмжсээр ирсэн. Ерөнхийлөгчийн сонгууль дэвших бүрд нь дэмжин, бусдыг дэмжихийг уриалж байлаа. Гэтэл одоо миний бодол өөрчлөгдсөн. Хэрвээ Ерөнхийлөгч маань ухаалаг шийдвэр гарган, ард түмнээ бодсон бол Оросын иргэд өөр улс рүү дүрвэн, ингэж зовж зүдрэхгүй байсан. Ерөнхийлөгч дайн эхлүүлснээс болж хоёр буриад ах минь амь үрэгдсэн. В.Путин буриадуудыг хүн гэж хүндлэхгүй байгаа. Зүгээр л амьд бамбай болгож байгааг гайхаж байна. Оросын ард түмнийг ийм их зовлонд унагааж, олон хүний амиар “тоглож” байгаа Ерөнхийлөгчөө үзэн ядаж байна. Улсын Ерөнхийлөгч хүн ард түмнээ боддог. Харин В.Путин зөвхөн өөрийгөө л бодсон.
Хүн машин, хаус гээд тансаг амьдралыг хүсдэг. Оросын ард түмэн “Дайн дуусаасай” л гэж хүсэж байна. Үнэндээ өөр юм хүсэх тэнхээ бидэнд байгаа гэж үү.
-Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд та хандсан уу, тэдэнтэй уулзсан уу?
-Уулзаагүй. Уулзахгүй. Элчин сайдын яаманд хандсан чинь биднийг нэг газар хорин, нутаг буцаавал яах вэ. Албан хүчээр Орос руу авч явах вий гэж санаа зовж байна. Тийм зүйл битгий болоосой. За, би явлаа. Ярилцлагаа дуусгая.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Зүгээр ээ. Оросын иргэд үнэхээр хүнд нөхцөл байдалд байгааг хүмүүс мэдээсэй. В.Путин ерөнхийлөгч ямар буруу шийдвэр гаргаж, ард түмнээ зовлон зүгүүрт унагааснаа хараасай. Ээ, дээ миний зургийг нийтлэж, нүүр царайг минь ил гаргаж болохгүй шүү. Тэрийг л хичээнгүйлэн хүсье.
-Мэдээж тэгэлгүй яах вэ, бид танд амласандаа хүрнэ ээ.
-Баярлалаа, баяртай.