Гүржийн нийслэл Тбилист ачаа бараагаа үүрсэн, цэргийн насны Орос залуус ихээр ирж буйг Al Jazeera мэдээллээ. Тэдний ихэнх нь гэр бүлээрээ очиж байгаа аж.
ОХУ өмнө нь цэргийн алба хааж байсан иргэдийг “нөөцийн” гэсэн тодорхойлолтод оруулж буй. Гэхдээ ахимаг насны хүмүүсийг ч цэрэгт татаж байгаа талаар хэвлэлүүд бичсээр байгаа юм. Харин Кремлээс үүнийг ташаа мэдээлэл хэмээн няцаагаад байна.
Гүржийн албаны хүмүүсийн хэлж байгаагаар өдөрт 10 мянга гаруй хүн хилээр нэвтэрч орж ирж байна. Түүнчлэн ОХУ-аас гарах иргэдийн цуваа Гүржээс гадна манай улс руу чиглэж байгааг томоохон хэвлэлүүд онцлоод байна.
Москвагаас шууд гарах нислэгүүдийн үнэ “тэнгэрт хадаж”, ОХУ-Гүржийн хил дээр дор хаяж 2000 гаруй машины дараалал үүссэн тул зарим иргэд хил давахаар скүүтэрээр орж ирж байгаа талаарх мэдээллүүд гарсан байгаа юм.
Өнгөрсөн түүхээс болоод хөрш орнууд таатай харилцаатай биш байдаг ч ОХУ-аас ирж байгаа иргэд Гүржид нэг хүртэлх жил визгүй байх боломжтой юм байна.
Цэргийн дайчилгаатай холбоотойгоор өөрийн иргэдээ ОХУ-аас яаралтай гарахыг АНУ-ын албаныхан мөн анхааруулсан. Учир нь Орос, Америк иргэншилтэй иргэдийг ч энэ дайчилгаанд татах боломжтой гэдгийг сануулжээ.
Эх сурвалж: AL JAZEERA