Донецк, Луганск, Херьсон, Запорожье мужийг ОХУ-д нэгтгэх эсэх санал хураалтыг ОХУ-аас томилогдсон удирдлагууд зохион байгуулаад байна. Санал хураалтын үр дүн Оросоын талд буюу дийлэнх хүн дэмжсэн санал өгчээ. Харин Барууны эвсэл дээрх үр дүнг, цаашлаад санал хураалтыг анхнаасаа зохион байгуулалттай, хууль бус байсан гэж буруутган, үл тоож байр сууринаас хандаж байна.
Хэдий тийм боловч санал хураалтын үр дүн ОХУ-д жийргэвч болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Улмаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский эдгээр бүс нутагт байгаа Украин иргэдээ хамгаална гэж амлалаа. Тэрээр ард иргэд шударга санал хураалтад оролцоогүй, дарамт дор санал өгсөн хэмээн гомдол гаргаж, талаар олон улсын хамтын нийгэмлэгт хандаад байгаа билээ.
"Бүх саналын хуудсыг тоолж дууссаны дараа сонгогчдын 93.1 хувь нь ОХУ-д харьяалагдахыг дэмжлээ" гэж өмнөд хэсгийн Запорожье мужийн орон нутгийн санал асуулгын байгууллага мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь урьдчилсан дүн болохыг онцолжээ. Мөн зүүн өмнөд хэсэгт орших Херьсон мужийн эрх баригчид санал хураалт дууссаны дараа сонгогчдын 87 хувь нь Орост харьяалагдахыг сонгосон гэж мэдэгдээд байна.
Харин Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байдаг зүүн Украины Луганск мужийн иргэдийн 98.4 хувь нь ОХУ-д нэгдэхийг зөвшөөрсөн гэж Оросын мэдээллийн агентлагууд мэдээлсэн бол Луганск Оросын нутаг дэвсгэрт буцаж ирэх нь тодорхой байна гэж Луганскийн удирдагч Леонид Пасечник Telegram хуудсаар мэдэгдсэн байна.
Мөн хөрш зэргэлдээх Донецк мужийн сонгогчдын 99.2 хувь нь Оросын талд саналаа өгсөн гэж хэвлэлүүд хамгийн сүүлд мэдээлсэн юм.
Эх сурвалж: THE GUARDIAN