Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харьяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхалжээ. Тэднийг сургуульдаа хүүхэд элсүүлэхэдээ эцэг эхчүүдээс авлига авсан хэргээр шалгаж байна. Тодруулбал, 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламын гэрээс их хэмжээний мөнгө, валют илрүүлсэн, мөн Д.Бат-Эрдэнийн ажлын өрөөнөөс илэрсэн их хэмжээний мөнгө, валютыг хураан авсан хэмээн зарим хэвлэлээр бичиж байна.
84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламын тухайд 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр элсүүлсэн, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг элсүүлж авлига авсан гэж буруутгаж байна. Харин “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал нь Батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг шалгалтгүйгээр элсүүлдэг, давуу эрх олгодог байсан гэх асуудлыг шалгаж байна.
Энэ асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Мэдээлэл үнэн. Хэргийг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна” гэлээ.