Донецк, Луганск, Херьсон, Запаорожье-ийг ОХУ-д нэгтгэх эсэх бүх нийтийн санал хураалтыг өнгөрсөн Баасан гарагаас эхлэн явуулахаар болсон. ОХУ-аас томилогдсон удирдлагууд дээрх санал хураалтыг явуулахаар тохиролцсон бөгөөд санал хураалтын үр дүн өчигдөр оройноос гарч эхэллээ. Эдгээр мужууд нь Украины зүүн, зүүн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд Украины газар нутгийн 15%-ийг эзэлдэг.
Киев болон барууны улсууд энэ санал хураалтыг зохион байгуулалттай хэмээн үл тоон, хууль бус гэж буруутгаад байгаа юм. Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ асуудалд яаралтай арга хэмжээ барууны орнуудаас авахгүй бол ОХУ-ын талаас хийх ижил төст үйлдэл хүрээгээ улам нэмэгдүүлж болзошгүй талаар сануулжээ.
Барууны эвслийнхний “дүр эсгэх төдий” гэж нэрлээд байгаа энэ санал хураалтын үр дүн эхнээсээ гарч эхэлсэн байна.Тодруулбал Мягмар гарагийн орой ОХУ-аас томилогдсон сонгуулийн албаны хүмүүс Запорожье мужид санал өгсөн саналын хуудасны 93 хувь, өмнөд хэсгийн Херьсон мужид саналын хуудасны 87 хувь, Луганскийн 98 хувь нь өөртөө нэгтгэхийг дэмжсэн гэж мэдэгдсэн байна. Донецкийн дүн удахгүй гарах талаар хэвлэлүүд мэдээлж байгаа ч бусад гурваас хол зөрөхгүй гэж таамаглаж байна. Ингэснээр Украинчуудын газар нутгаа чөлөөлөх гэсэн оролдлого нь ОХУ руу халдсан үйл явдал болох талаар шинжээчид тодруулсан юм.
Энэ талаар өчигдөр хуралдсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн үеэр В.Зеленский гишүүн орнуудад саналаа илэрхийлсэн. Тэрээр “хүмүүсийг дарамт дор хүчээр өөрсдөд ашигтай санал бөглүүлж байна” хэмээгээд ОХУ-ын ил цагаан өрнүүлж буй үйлдлийг буруутгасан. Тиймээс олон улсын зүгээс В.Путинд шаардлагатай арга хэмжээ авахыг уриалж, дээрх нэгтгэх үйлдэл ОХУ-Украиныг хэлэлцээрийн ширээнд суулгах боломжгүй болсныг анхааруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA