Төлбөрийн баримтын сугалааны тохирлоор урамшуулал олгох хөтөлбөр шинэчлэгдэж буй талаар Сангийн яам видео сурталчилгаа хийсэн нь олны бухимдлыг төрүүлээд байна. Тэд НӨАТ-ын баримтаа бүртгүүлдэг ард түмнийг “өлөн” гэж доромжлон олны эгдүүцлийг хүргэв.
Энэ оны дөрөвдүгээр сард Сангийн сайд Б.Жавхлан далд эдийн засгийг ил болгодог бодлого, системийг улам хөгжүүлж, тогтвортой байх хэрэгтэй гээд НӨАТ-ын сугалааны тохирлыг зогсоосон. Удалгүй энэ шийдвэрээсээ буцаж, дахин сугалааны тохирлыг сэргээж буйгаа том ажил хийчихсэн аятай, жүжигчид хөлслөн, төсвийн мөнгө үрж, ард түмнээ дахин “уллаад” авлаа.
Видео сурталчилгаанд, баримт уншуулсан нь “өлөн” болно. “Өлөнтөж” хожсон хонжвороор эгэл төрийн үйлчилгээний ажилтны амьдрал, амьжиргаа дээшилнэ гэсэн санааг харууллаа. Уг нь, видеоны агуулга ухарч буцсан балай шийдвэрээ сурталчилах л байсан биз. Хүний эрхийн мэдрэмжгүй энэ үйлдлээрээ төр нь ард түмнээ дахин гутаачхаж байгаа юм. Бас үйлчилгээний ажилтнууд гэхээр ядуу гэх ойлголтыг төрүүлж, болчимгүй хандав.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд манай эрх баригчид иргэдээ үгээгүй хоосон гуйлгачин мэтээр нэрлэж, дээрэнгүй хандах болов. Тэднийхээр бол ард түмэн бид НӨАТ-ын буцаан олголтоороо амь зуудаг, “улны” амьдралтай хэдэн хүн дүрснүүд болчхоод байна. Иргэдээ доромжилсон үйлдэлдээ Сангийн сайд Б.Жавхлан та уучлал гуйна уу. Улстөрчдийн, өндөр албан тушаалтны үг, үйлдэл бүр хариуцлагатай байх учиртайг танд дахин сануулъя.