ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” хэмээн хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд буй. Үүнтэй холбогдуулан Д.Сарангэрэл сайдыг огцруулах хөдөлгөөн Төрийн ордны гадаа өрнөөд байна.
Иргэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьж буй.
Мөн энэхүү асуудлаар өнөөдөр Ардчилсан залуучуудын холбооноос мэдээлэл хийлээ.
"Төрийн сайд тэр дундаа Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл Монгол Улсын иргэдийг нэн ядуу буюу "улны айлууд" хэмээн нэр хоч өгч ялгаварлав. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Иймээс бид гурван шаардлага хүргүүлнэ.
- Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХНХ-ын сайд Д.Сарангэрэл нарыг ард түмнээсээ уучлал гуйх.
- Хоёрдугаарт, "Улны" сайд Д.Салангэрэлийг ХНХ-ын сайдаас огцруулах.
- Гуравдугаарт, ЗГ-ын гишүүн нь Ерөнхий сайдын бодлогыг хэрэгжүүлэгч болохын хувьд иргэдээ нэн ядуу буюу улны иргэд хэмээн доромжилсон нь ЗГ-ын байр суурь хэмээн харагдаж байна. Иймээс Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдэлд ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой.
Энэ шаардлагыг бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ" гэлээ.