Ядуу өрхүүдийг "улны айл" хэмээн тодорхойлсноос үүдэлтэй бухимдал дээд цэгтээ хүрч "Засгийн газар" огцор хэмээх давлагааг залуус бий болгоод байна. Тэд ингэхээс ч аргагүй. Учир нь улстөрчид хэзээ ч хэлэх үг, хийсэн үйлдэлдээ улстөрийн, ёсзүйн, хуулийн хариуцлага хүлээдэггүй учраас л, хууль нь ядарсан иргэддээ үйлчилдэг болохоор л бухимдаад байна. Ганцхан "улны айл" гэх мэдэгдэл бус эрх баригчдад хариуцлага тооцох хангалттай үндэслэл бий.
Хамгийн сүүлд л гэхэд эрх баригч намынхан Үндсэн хуулийн цэцдээ захиалга өгч, "давхар дээлийн" боломжоо нээж авлаа. Ингэснээр хууль тогтоох засаглал нь гүйцэтгэх засаглалтайгаа холилдож, нэг нь нөгөөгөө хянадаг тогтолцоогоо үгүй болгож орхисон. Өөрөөр хэлбэл, төсөв баталдаг УИХ-ын гишүүд нь өөрсдөө төсвөө захиран зарцуулах эрхтэй болж, сайдын суудалд тухлах боллоо. Тэдгээрийн нэг жишээ бол ард иргэдээ "улных" хэмээн даапаалсан Д.Сарангэрэл сайд. Тэр өдгөө өөртөө төсөв баталж, баталсан төсвөө юунд зарцуулахаа шийдэж суугаа. Төрийн тогтолцоог гажуудуулж, зарчмын ухралт хийсэн энэ мэт бугшсан асуудлыг тэр, түүний танхимын сайдууд толгойлж яваа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайдууд ээж аавдаа эрхэлж буй хүүхэд аятай л уралдаж албан тушаалаа авцгаасан. Тэдний мэргэжлийнх байна уу, үгүй юу гэдэг нь огт хамааралгүй бөгөөд гагцхүү Хүүк, Оюук хоёртой "зузаан" байх, сэнхрүүлж чаддаг л байх хэрэгтэй бололтой. Үүнийг ч Засгийн газрын томилгоо харуулсан. Мэргэжлийн бус сайд нар хэд хэдэн сараар бүхэл бүтэн салбар толгойлж, мэдэхгүй зүйлдээ мөнгө үрж, ямар ч хяналтгүй тонгочиж байна. Үүний балаг нь ч эхнээсээ гарч эхэлсэн. Тодруулбал, 2021 оны улсын төсвийн 70 орчим хувь буюу 10,5 их наяд төгрөг нь зөрчилтэй хэмээн Үндэсний аудитын газар баталчхаад байна. Төсөв баталдаг, түүнийг нь зориулалтын бусаар, хамаа намаагүй зарцуулдаг, гэсэн ч хариуцлага хүлээдэггүйн жишээ ердөө энэ. Уг нь өндөр хөгжилтэй, хуулиа мөрддөг улсад бол Л.Оюун-Эрдэнэ төсвийн зөрчилдөө уучлал гуйж, танхимаараа огцроод явчих ёстой байлаа. Гэтэл тэгсэнгүй. Харин ч пээдэлзэж, иргэдийг "хэрэглээгээ тана" гэж зандарчихаад өөрсдөө өнгөтэй өөдтэй бүхнийг хамж шимж сууна.
Өнөөдөр нийтээрээ бухимдах нь аргагүй. Зөвхөн Д.Сарангэрэл гэдэг хүнд хариуцлага тооцоод хангалтгүй юм. Нийтээрээ хариуцлагаа үүрч байж л нийгмийн гажуудал бузар булай бүхэн арилна. "Хүүхдийн мөнгөө" тана гэж зоригтой хэлчхээд тансаг машин хөлөглөж, найр наадам, цайллага дайллага хийж, хөшөө дурсгал барьж, хамаатан садан, найз нөхдөдөө давуу эрх олгож яваа улстөрчдөд хариуцлагыг нь үүрүүлсэн шиг үүрүүлэх хэрэгтэй болжээ. Сонгогчид чинь шүүмжилж, хариуцлага нэхэж байна. Улстөрийн, хуулийн ёсзүйн хариуцлага хүлээ! Ганц Д.Сарангэрэл ч биш, танхимаараа, бүрэн бүрэлдэхүүнээрээ!