“Луйврын шинжтэй үйлдэл” хэмээн цагдаагийн байгууллага удаа дараа анхааруулсаар байтал Хөвсгөл аймгийн иргэд “Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгч, хэд дахин өсгөж авахаар улайраад, хохирч хоцорсон. Харин тэд өнөөдөр жагсаж “Хуулиар явбал хугацаа алдана. Бидний хохирлыг барагдуул” гэв. Төр гэдэг нь татвар төлөгчид. Нэг ёсондоо хариуцлагагүй, залилсан хийсэн компанийн алдаа, хайнга хандаж мөнгөө ганц компанид өгсөн компанийн асуудлыг нийтээрээ хариуцаж, мөнгийг нь буцааж төлөх ёстой гэж дураараа авирлацгаав.
“Бэлтэс мөрөн” компани иргэдийг мөнгийг 15-100 хувийн хүүтэй зээлж, эргүүлэн өгнө хэмээн залилсан байдаг. Цагдаагийн байгууллагын тооцооллоор тус компани 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлсэн байна. Ингэхдээ 2500 орчим иргэнд 45 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг цагдаагийн байгууллагаас өнөөдөр зарлалаа. Хууль хяналтын байгууллага хэргийг үргэлжлүүлэн шалгана. Гэтэл…
Хэн нэгний хариуцлагагүй үйлдлийг нийтээрээ хариуцах ёсгүй. Тэгэх ч үндэсгүй юм. Өнөөдөр УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, төрөөс мөнгөө гаргуулж авна хэмээн шаардаж буй иргэд эрүүл ухаанаар сэтгэж, нэг юмыг ойлгох хэрэгтэй байна. “… Хэзээ ч ийм юм байдаггүй юм. Иргэний хариуцлага хаачив? Хуулийн байгууллага ном журмаараа бүхнийг шийднэ” гэдгийг тэд ухаарах хэрэгтэй болжээ. Бэлтэсмөрөнгийн асуудал бол гэмт хэрэг. Гэхдээ хохирогчид нь төрөөс мөнгө авъя гэж адгах нь зохисгүй юм. Гөжүүдлэн зөрүүдэлж, мөнгөө луйварчдын гарт өгчхөөд “Хуулиар яваад төвөг. Хугацаа алга. Төр хурдал. Татвар төлөгчдийн мөнгөнөөсөө гаргаад ир” гэх нь зарчимд байж нийцэхгүй тэнэглэл юм. Тэдний хайнга мэдэгдэл шаардлага нь бэлэнчлэх сэтгэлгээ газар авсныг дахин нэг удаа баталлаа. Хэн нэгний хайнга үйлдлийн төлөө би, бид халааснаасаа мөнгө гаргах боломжгүй. Үүнийг ухаараач, Хөвсгөлчүүд ээ︕