Азербайжаны мэдээгээр Буриадын нөхцөл байдлыг ийн өгүүлж байна.
Украйнд алагдсан Буриадуудын тоо нь Оросын дунджаас 10 дахин, Москвагаас 468 дахин их юм.
Буриадад цэрэг дайчилгаа нь гэрчүүдийн өгүүлж буйгаар Оросдоо хамгийн хүнд ширүүн нөхцөлд явагдаж байгаа аж. Оршин суугчдын өгүүлж буйгаар зарлан дуудах хуудас нь хөгшчүүл, олон хүүхэдтэй хүн, групптэй хүн тэр ч байтугай нас барсан хүнд хүртэл ирж байгаа гэнэ. Буриадын удирдагч Алексей Цыденов ч ийм завхрал гарч буйг хүлээн зөвшөөрөхийн сацуу 70 гаруй хүмүүсийг ийм шалтгаанаар гэрт нь буцаасан гэжээ. Гэтэл дайчлагдсан хүмүүсийн ар гэр, найз нөхөд энэ мэдээг үгүйсгэн тэрхүү хүмүүс нь дайчилгааны хэлтэс болон цэргийн ангиасаа буцаж ирээгүй хэмээн батлан өгүүлж байгаа юм. Өнөөдөр Улаан-Үдэд оройн 7-8 цагийн үед нас барсан дүүгийн минь нэр дээрх зарлан дуудах хуудас барьсан зарлага манай бэрийн хаалгыг нүдсэн бөгөөд тэрээр нөхөр нь хоёр жилийн өмнө нас барсан болохыг хэлсний дараа цагдаа нар уучлал гуйгаад явсан хэмээн нэг хүн мэдээлжээ. Улаан-Үдэд полиграфын ажил хийгээд Наталья Семеновогийн өгүүлж буйгаар Буриадад ийм байдал ганц нэгээр тогтохгүй гарсан ажээ.
Алина Харламова нэртэй охины бичсэнээр хоёр жилийн өмнө нас барсан авга ахынх нь нэр дээр зарлан дуудах ирсэн гэжээ.
Хуульч, өмгөөлөгч нарын өгүүлж буйгаар Оросын хуульзүйн системд "хэсэгчилсэн дайчилгаа" хэмээх нэр томьёо байхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл дайчилгаа зарласан л бол бүгд дуудагдах ёстой юм байна. Үр дүнд нь зарлан дуудах ирсэн хүмүүс хууль ёсонд найдалгүйгээр Оросоос гадагш дүрвэхийг урьтал буй болгож бөгөөд ихэнх нь Буриадын хөрш болох Монгол руу зугтаацгааж байна. Түүгээр ч үл барам хил дээр маш урт дараалал үүсэн түгжирч эхэлсэн тухай мэдээ ч бас байна.
Дайчилгаанд нэр орсон залуус гэр бүл, ажил төрлөө хаян тайгын зүг ч зугтаадаг болжээ. Эдгээр хүмүүс ихэвчлэн гадаад паспортгүй тул хил нэвтэрч чадахгүйгээсээ болж ийн зугтаахаас өөр аргагүй болсон байна.
"Сибир реали" сайтад хандсан маш олон Буриадуудын өгүүлж буйгаар эрүүл мэндийн байдлаар тэнцэхгүй хүмүүст ч зарлан дуудах хуудас ирсээр байгаа аж.
- Миний аав 45 настай бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар цэргээс хасагдсан хүн билээ. Гэтэл өчигдөр хаалга нүдэн орж ирээд зарлан дуудас хуудас авсан тухай гарын үсэг зурахыг шаардсан байна. Аав минь түүн дээр загалмай тэмдэг зурангуутаа Улаан-Үдийн Алена гэж нэрээ тавьсан. Шүүхэд хандах болсон Аленад өмгөөлөгч нь үүнийг хууль зүйн ямар ч үндэслэлгүй хэмээн тайвшруулсан байна.
- Курумканский тосгоны нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн оршин суугчийн өгүүлж буйгаар группэд байдаг хүнд зарлан дуудах хуудас ирсэн бөгөөд эд зүйлээ бэлдэх ч зав өгөлгүй шууд ачиж аваад Трансбайкалийн зүгт байх сургуулийн полигонд хүргэгдсэн ажээ.
"Эрх чөлөөт Буриад" сангийн үүсгэн байгуулагч Виктория Маладаева "4 мянган хүн дайчилгаанд орох ёстой боловч 9-р сарын 21-ны өдөр буюу ганц өдөр гэхэд л 5 мянган хүнийг дайчилсан ажээ. Энэхүү 5 мянган хүнийг 9-р сарын 21-ны шөнө ачсан бөгөөд өнөөдрийн байдлаар уг тоо 2 дахин нэмэгдсэн сурагтай. Тосгоны дарга, цагдаагийн албан хаагч, цэргийн алба хаагаагүй, дайны туршлагагүй 54, 55, 56 настай хүмүүст ч зарлан дуудах хуудас ирсээр байгаа аж. Нэг гэр бүлийн хүргэн, хүү, эцэг бүгдэд нь зарлан дуудах хуудас ирсэн тохиолдол ч байна. Энэ бол зөвхөн Буриадад тохиож байгаа аймшигт явдал бөгөөд яг л Ариун Бартоломейн шөнө шиг бүгд унтаж үл чадна. Шөнийн туршид хүмүүсийг орноос босгон хаалгыг нь нүдэж байна" хэмээн өгүүлэв.
Оросын Украйнд явуулж буй дайнд амь үрэгдэгсдийн тоогоор Буриад толгой цохиж байна. Буриадаас дайчлагдсан цэргийн үхлийн тухай албан ёсны мэдээгээр 100 мянган хүн тутамд 60 хүн алагдсан байна. Энэ нь Оросын дунджаас 10 дахин, Москвагаас 468 дахин их гэсэн үг юм.
Эх сурвалж: azadliq.org
Орчуулсан: Д.Анхбаяр