Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын IV багийн малчин Дуламын Буянтогтох 2020 оны хавар эхээс мэндлээд удаагүй, осгосон байсан янзагыг хээрээс олж, тэжээн, гурван хүүгээсээ дутахгүй хайрлан, өсгөж байсан билээ. Тухайн үед хэд хэдэн хэвлэл тэднийд очин сурвалжилга бэлтгэн, бүхий л хүн өхөөрдөж байв. Борхүү гэдэг нэртэй янзага өдгөө хоёр настай, том биетэй, чамин эвэртэй буга болсон.
Д.Буянтогтох хань Доржхорлоогийн хамт Борхүүг өнгөрсөн жилийн наймдугаар сард байгальд тавьж, ижил сүрэгт нь нийлүүлчихээд намаржаа руугаа нүүсэн. Гэтэл Борхүү гэрээ хайсаар байгаад буцаад ирсэн гэдэг.
Тэгвэл тэд өчигдөр Борхүүг байгальд дахин буцааж тавьжээ.
Хоёр жилийн өмнө Д.Буянтогтохтой ярилцахад “Ерөөс бид Борхүүг гэр бүлийнхээ гишүүн, отгон хүүгээ гэж боддог. Өхөөрдөөд, отгон хүүгээ гэж бодон Борхүү гэж нэрлэж билээ. Одоо сар бүр зургийг нь аван, жаазанд хийдэг. Их номхон, дөлгөөн.
Багад нь 500 гр сүүгээр угждаг байлаа. Туранхай, нялх байсан болохоор анхандаа малын сүүнд дасахгүй, чацга алддаг байв. Тэгж байгаад дассан.
Бид хэдийг ёстой андахгүй. Намайг гэрээсээ гарангуут л хөөрхөн дагаад шогшчихдог. Би хааяа нэг аймаг, сум руу явах гэж бөөн юм болно. Борхүү араас дагаад гүйчихдэг юм. Би эхлээд тортой юмаа машинд хийнэ. Тэгээд гэрийнхээ нөгөө талд, өвөлжөөний ард ч юм уу сүү өгч байгаад зугтаагаад явдаг. Тэгж явахаар их гомдоно, намайг их санадаг. Гомдсондоо сүүгээ уухгүй, хадан цохионы ард хэвтчихээд гарч ирдэггүй юм.
Өнгөрсөн намар би Улаанбаатар хотод очсон юм. Сүүг нь ингэж өгөөрэй, тэгээрэй, ингээрэй гэж хүүхдүүддээ захиад үлдээсэн юм л даа. Хотод хэд хонохдоо гурван хүүхдээсээ дутуугүй Борхүүд санаа зовсон. Ямар сайндаа зургаан настай, отгон хүү минь “Ээж надаас илүү Борхүүд хайртай. Намайг хайрлахгүй байна” гээд туних вэ дээ.
Улаанбаатараас гэртээ ирэхэд Борхүү хэчнээн баярласан гэж санана. Гэрээ тойрон тонгочиж давхиад, дээр дээр үсрээд ёстой хөөрхөн байсан. Намайг их санасан байж билээ.
Том болохоороо, буг урамдахаар гэнэт нэг өдөр явчих байх гэж хүмүүс хэлдэг юм. Тэгээд явчихвал ёстой эвгүй санагдана, их санана. Уйлаад л хоцорно. Би өөрийгөө дөрвөн хүүтэй гэж бодож, янзагаа хайрладаг. Хамгийн эрх нь Борхүү” гэж байв.