Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн нар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сумдад ажиллав. Тэд Шаамар сумын зөгийчин, ногоочин Б.Алтанцэцэгийн аж ахуйд зочилж, аж ахуй, тариаланчидтай уулзсан байна.
Шаамар сумын Эрүүл мэндийн төвд тасралтгүй 33 дахь жилдээ эмчээр ажиллаж байгаа Б.Алтанцэцэг нь 2001 оноос эхлэн 13 нэр төрлийн нарийн хүнсний ногоо тариалж эхэлжээ. Тэрбээр, мэргэжлийн сургалт, үйлдвэрэлийн төвд жимс ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд мэргэжлийн талаас нь заавар зөвлөгөө өгөх мэргэжлийн багш, боловсон хүчнийг бэлтгэх, түрээсийн агуулах, хүлэмжийг бий болгох шаардлатай байгааг танилцууллаа.
Энэ үеэр Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол 6х20 м харьцаатай 120 ширхэг хүлэмжийг сумын Засаг даргын Тамгын газарт худалдан авахад шаардагдах 600 сая төгрөгийн саналыг 2023 оны улсын төсөвт тусгуулахаар саналаа хүргүүлсэн бөгөөд тус суманд уг саналыг нь дэмжиж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм.
Уг асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэсэн байна.