БНАСАУ Солонгосын хойгийн зүүн эрэг рүү баллистик пуужин харвасан тухай БНСУ болон Японы албаныхан мэдэгдлээ.Богино тусгалтай пуужинг орон нутгийн цагаар ням гарагийн өглөө эрт харвасан гэж БНСУ тодорхойллоо.
Пуужин хөөргөсний дараа БНСУ болон АНУ-ын арми "бүрэн бэлэн байдлын байр сууриа" хадгалж, нягт хамтран ажиллаж байна гэдгээ хэлсэн.CNN-ийн мэдээлснээр энэ удаагийн баллистик пуужин нь он гарснаас хойших 19 дэх тохиолдол болж байна. Хамгийн сүүлд наймдугаар сарын 17-нд харвасан байна.
Японы Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамада пуужингийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсээр байгаа боловч "хэрэв энэ нь ердийн баллистик пуужин байсан бол дээд тал нь 50 км (30 миль) өндөрт, 400 км (250 миль) зайд ниссэн гэж тооцоолж байна. БНАСАУ ядаж нэг пуужин харвасан гэж үзэж байна" гэж мэдэгдлээ.Тэрбээр баллистик пуужин нь Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна буюу "БНАСАУ-ын зүүн эргийн ойролцоо" унасан гэж нэмж хэлэв.
БНАСАУ-ын болзошгүй цөмийн зэвсгийн туршилтын эсрэг хариу үйлдэл үзүүлэх бэлэн байдалд байгаа гэдгээ БНСУ, Япон, АНУ удаа дараалан мэдэгдээд байгаа. Энэ удаагийн пуужин нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Абэ Шинзогийн төрийн оршуулгад оролцохоор Токиод айлчлахаас өмнөхөн болж буйг хэвлэлүүд мөн онцолж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN