Үхлийн метал жанраар уран бүтээлээ туурвидаг “Аясын салхи” хамтлагийг үүсгэн байгуулагч дуучин Энди буюу Энхтэгштэй бид ярилцлаа. Оросын мөрдөнгийн сургуулийг дүүргэсэн тэрбээр есөн жил албандаа ажилласны эцэст метал хөгжим болоод цагдаагийн алба нэг тогоонд багтахгүй гэдгийг ойлгож, урлагийн зам мөрөө дагажээ. Социализмын үед хамтлагаа үүсгэн байгуулахдаа олон дарамт, шахалттай нүүр тулна гэдгээ мэдэж байсан ч шантралгүй зүтгэсээр ирсэн энэ уран бүтээлчдийн өнөөдрийг хүртэл туулсан бэрхшээл, метал хөгжмийн үнэ цэнийн талаарх яриаг хүлээн авна уу.
-Ярилцлагын санал хүлээн авсан танд баярлалаа. Таныг нэр хүндтэй сургуульд сурч, цагдаагийн албанд ажилладаг байсан ч албаа орхиж, метал хөгжмөө сонгосон гэх юм билээ. Яагаад ийм сонголт хийв ээ?
-“Аясын салхи” хамтлаг 1986 онд байгуулагдсан. Би Волгаградад МВД Дотоод явдлын яамны сургуульд сурч байсан. Манай сургууль социалист лагерь дундаа нэгдүгээрт ордог цэвэр мөрдөнгийн сургууль. Сурч байхдаа л “Аясын салхи” хамтлагаа сэтгэл дотроо байгуулсан байсан юм. Мэдээж төгсөж ирээд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын мөрдөн байцаах албаны, чухал хэрэгт мөрдөн байцаагч хийлээ. Хажуугаар нь металл хөгжим тоглоно. Ингээд л зовлон маань эхэлсэн дээ. Дарга нарт үргэлж хэл ам ирнэ. “Танай тэр цагдаа чинь барууны хачин хөгжим тоглоод байна” гээд л. Тэгээд л намын хороон дээрээ байнга дуудагдаж загнуулна. Цагдаагийн алба метал хөгжим хоёр нэг тогоонд огт багтахгүй юм билээ.
ЦАГДААГИЙН АЛБАА ОРХИЖ, МЕТАЛ ХӨГЖМӨӨ СОНГОСОНДОО ХАРАМСДАГГҮЙ
-Эргээд бодоход албаа орхисондоо харамсдаг уу?
-Дэвшиж, карьер ахих боломж их байсан. “Сайн боловсон хүчин хэрэгтэй, ахлах мөрдөн байцаагчаар хөдөө хоёр жил яв гэж хэлэхэд нь би дотроо, “Хөдөө явчихвал “Аясын салхи” маань яана аа” гэж бодож байгаа юм. Тийм тэнэг. Одоо бодоход метал хөгжим рүүгээ зүглэсэн дээ харамсдаггүй. 1990 онд Ардчилал хөгжин, хүний эрх яригдаж эхэлсэн цагт би дуртай зүйлээ хөөе гээд албаа орхисон юм. Олон юмыг хагас дутуу чаддаг байснаас нэг зүйлээ маш сайн чаддаг байх ёстой. Би метал хөгжмөө барьж авсан бол үүгээрээ л сайн байх ёстой гэж боддог. 1990 онд бүх зүйл чөлөөтэй болоход үсээ ёстой нэг сайхан ургуулж аваад метал хөгжмөө жинхэнэ тоглож эхэлсэн дээ.
-Тухайн үед метал рок хамтлаг үүсгэн байгуулах амаргүй даваа байсан байх?
-Хамтлаг маань анхнаасаа метал хөгжим тоглоно гэж байгуулагдсан. Маш их дарамттай учирна гэдгээ мэдэж байсан учраас бид хоорондоо тангаргийн бичиг бичиж байлаа. Түүн дээр, “Бид бол метал хамтлаг. Хүнд зам туулна. Маш их дарамт ирнэ. Бид шантрахгүй. Энэ стилиэсээ урвахгүй” гэж тангараглаад үүсэж байсан юм.
Намын байгууллага биднийг тоглуулах дургүй. Ийм зүйл Монголд байж таарахгүй. Үүнийг хаах хэрэгтэй гээд л. Манай хамтлаг анх ерөөсөө л хаалттай хамтлаг байлаа.
-Дарамт ирэхийг мэдсэн хирнээ хамтлагаа байгуулсан гэхээр том зорилготой байсан уу?
-Оюуны чадамж нь хөгжсөн улсад метал хөгжим хөгждөг. Бид дэлхийн жишгээ даган, манайд тийм хамтлаг байх ёстой гэж үзээд л хамтлагаа байгуулсан даа.
МЕТАЛ ХӨГЖИМ ОЙЛГОДОГГҮЙ ХҮНД ТОГЛОСНООС, ТАВАН ОЙЛГОДОГ ХҮНД ТОГЛОХ ДУРТАЙ
-Ямар дарамтууд ирдэг байсан юм бэ?
-Бид маш олон тоглолтоос хөөгдөж гарч байсан л даа. Анхных нь гэхэд Монгол телевизийн шинэ жил гээд болдог. Тэнд бид метал хөгжмөө тоглож байгаа юм. Тэнд байсан хүмүүс биднийг хараад л царай нь барайсан. Гэтэл цаанаас нэг дарга ирээд “энд юун хачин гудамжны юмнууд гараад ирэв. Наадхаа болиул” гээд л. Тэр үеийн хамтлагууд бүгд цагаан юм уу, улаан хувцастай. Бүгд нэгэн жигд хөдөлж дуулж бүжиглэдэг байлаа. Манайх чинь тайзан дээр замбараагүй тоглоно. Найруулагч нь биднийг загнаж байгаа юм. “Та нар юун дураараа юм. Яаж тоглоод байгаа юм. Үзэгчид рүүгээ нуруугаа харууллаа. Гараа зангидлаа. Ингэж болохгүй та нар. Аятайхан тогло” гээд л. “Бид ингэж тоглодог. Өөрөөр чадахгүй” гээд л хөөгдөөд гарч байсан. Энэ мэтчилэн их ч хөөгдсөн. Хөөгдөөд гарах сайхан биш л дээ. Бид ярьдаг байсан юм. Гомдоод байх юм байхгүй гээд. Бараг л баярладаг байлаа. Тэр урлагаа ойлгуулах гээд бага багаар яваад байсан гэсэн үг. Манай хамтлагийн тоглолтыг үзсэн хүмүүс, “Үзлийн муухай юм үзлээ” гэж ярьдаг байсан. Цөөхөн дэмжигчтэй байсан даа. Миний хувьд 500 мятал хөгжим ойлгодоггүй хүнд тоглосноос, таван ойлгодог хүнд тоглох дуртай.
БИД ҮХЛИЙГ ДУУЛДАГ
-Цөөн сонсогчтой байгаагийн шалтгааныг та юу гэж хардаг вэ?
-Хүмүүст таалагддаг хөгжим нь хайр дурлал, эх орон, сайхан өнгөлөг дуунууд. Манай метал хөгжим хар талыг дуулдаг. Бид үхлийн тухай дуулдаг. Death metal гэдэг юм. Үхлийг дуулахаар манайхан их дургүй. Муу ёрыг дуулдаг гээд л. Хүний амьдралд хоёрхон үнэн байдаг шүү дээ. Төрөх чинь үнэн. Үхэх чинь үнэн. Тиймээс бид үнэнийг дуулдаг. Чиний хажууд үхэл гэж зүйл бий шүү. Хэзээ ч юм хаалгыг чинь тогшоод ороод ирнэ шүү гэж сануулж байдаг. Би метал хөгжмийг амьд хөгжмийн оргил гэж боддог. Амьд хөгжим маань явсаар байгаад дээд цэгтээ хүрсэн байгаа юм. Хэн дуртай нь манайхыг сонсоод ямар гоё хөгжим бэ гэж ойлгохгүй шүү дээ. Бид маш хэцүү зүйл тоглодог учраас түүнийг ойлгох хэцүү. Тиймдээ ч манай фенүүд маш мэдлэг сайтай хүмүүс байдаг. Үүгээр нь би бахархдаг.
-Та амьдрал дээрээ ч метал хүн үү?
-Гэртээ бол би маш даруухан. Хүүхдүүдтэйгээ сайхан харьцаж, сайн аав байхыг хичээдэг. Тайзан дээрээ бол би жинхэнэ метал хүн байх ёстой. Хүүхдүүд маань нэг их дуртай биш ээ. Бага байхдаа “манай аав рок” гээд баярладаг байсан бол том болоод л “ааваа болиоч дээ, арай ч дээ” гээд л.
-Уран бүтээлийн зорилгоосоо хуваалцаач?
-Бид одоо хоёр дахь CD-нийхээ хоёр дахь дискэн дээр ажиллаж байгаа. Манай хоёр дахь цомгийн нэр “Дорно зүгийн салхи” гэдэг нэртэй. Өмнөх цомог маань “Саран доорх авсан хот” гэдэг нэртэй. Цомгоо бариад байгууллага руу явахад ямар муухай нэртэй юм бэ гэдэг. Тийм учраас энэ цомгийнхоо нэрийг их гоё өгсөн. Мөн Америкт манай пянз хэвлэгдэж байгаа. Одоо удахгүй ирнэ. Манай уран бүтээл эд цэцэглэж байгаа. Манай жанрт нас байдаггүй. Нас явах тусмаа улам л жавхаажна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.