"Оюу толгой" компанитай хамтран ажиллах нөхцөл бүрдсэн ханган нийлүүлэгчийн үзэсгэлэн энэ сарын 22-23-нд болж байна. Үзэсгэлэнд нийт 100 гаруй ханган нийлүүлэгч компаниуд оролцож байгаа юм. Бид энэхүү үзэсгэлэнгийн тухай болон Оюу толгой" компанитай хамтран ажиллах давуу талын талаар салбарын мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Ханган нийлүүлэгчийн үзэсгэлэнгийн талаар Оюу толгой ХХК-ийн Худалдан авалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр мэдээлэв.
Тэрбээр "Оюу толгой"-н ханган нийлүүлэгчдийн форум үзэсгэлэнг ковидын дараа анх удаа зохион байгуулж байна. "Оюу толгой" компанийн ханган нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулаад, Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр, ирээдүй гэсэн ерөнхий сэдвийн доор оролцож байгаа.
Бид одоогоор 900 гаруй компанитай хамтран ажиллаад байна. Үүний 600 гаруй нь манай дотоодын ханган нийлүүлэгч компани. Өнөөдрийн үзэсгэлэн хоёр өдөр нээлттэй үргэлжилнэ. Тиймээс уул уурхайн чиглэлээр ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ирж үзээрэй. Энд манайхтай хамтран ажиллаж буй бусад ханган нийлүүлэгч компаниуд өөрсдийнхөө үзэсгэлэнг гаргасан байгаа учраас харилцан мэдээлэл солилцох, магадгүй ирээдүйд хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгаа" гэв.
Харин бид "Оюу толгой" компанитай хамтран ажиллаж буй "Шунхлай" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнарангаас зарим мэдээллийг авсан юм.
Тэрбээр “Шунхлай" компани "Оюу толгой" компанитай сүүлийн 8-9 жил хамтран ажиллаж байна. "Оюу толгой"-той хамтран ажиллах нь нэр хүндийн хувьд давуу талтай. "Шунхлай" компани тендерийн зарчмаар гэрээ байгуулж ажиллаж байгаа. "Оюу толгой"-гоос зарласан тендерт шалгарсан гэсэн үг. Хамтран ажиллахдаа ХАБ-ыг нэгдүгээрт тавьдаг. Говийн бүсэд бид бүтээгдэхүүнээ саадгүй хүргэх, шатахуун, тосолгооны материалын нөөцийг нь барих ажил хийж байгаа. Таван толгойн бүсэд бид энэ жил 30 сая литрийн агуулах бариад ашиглалтад оруулах гэж байна. Аравдугаар сарын 1-нд бараг орно. Энэ нь "Таван толгой", "Оюу толгой" тэр орчмын уул уурхайн компаниудад үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломж олгож байгаа гэсэн үг" гэлээ.