Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд 100 гаруй улс төрийн тэргүүн түвшний хүн биечлэн оролцож байна. Эдгээр эрхмүүдийн нэг Японы ерөнхий сайд Кишида Фүмио Ерөнхий Ассамблейн индэр дээрээс хуран цугласан удирдагчдад хандан үг хэлэхдээ болзошгүй цөмийн зэвсгийн аюулаас сэрэмжлүүллээ.
Тэрээр “ОХУ-ын түрэмгийлэл НҮБ-ын дүрэм журмыг зөрчиж байна. Улс орнууд энэ дүрмийг зөрчих бус мөрдөх учиртай. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийг шинэчлэх талаар бид он удаан жил ярьсан. Одоо цаг нь болсон бололтой. Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг ОХУ цөмийн зэвсгээр сүрдүүлсэн. Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй. Нагасаки атомын бөмбөгөөс болж хохирсон сүүлийн газар байгаасай гэж хүсэж байна” гэжээ.
Дэлхийн тэргүүнүүд цар тахал эхэлснээс хойш гурван жилийн дараа биечлэн оролцож байгаа учир энэхүү чуулган онцлог болж байна. Цар тахлын нөхөн сэргээлтийн зэрэгцээ Орос-Украины дайн, Хятад-Тайванийн хямрал, БНАСАУ-ын болзошгүй цөмийн зэвсгийн туршилт зэрэг эдийн засаг, аюулгүй байдлын цогц асуудлуудаар олон улсын хамтын нийгэмлэг хэлэлцэж байна.
Эх сурвалж: REUTERS, AP NEWS