Манай улс уул уурхайн салбараас тогтвортой өгөөж хүртэхийн тулд геологийн судалгааг эрчимжүүлэхээр зорьж байна. Нэг талаас уул уурхайн салбараа идэвхжүүлэхдээ орон нутгийн иргэдийг хохироохгүй байх, тэдэнд анхнаас нь үнэн зөв, бодит мэдээлэл өгөх нь чухал гэж үзэж байна. Энэ талаар АМГТГ-ын дарга Л.Баярмандалаас тодрууллаа.
АМГТГ-ын дарга Л.Баярмандал:
“…Ашигт малтмал газрын тосны газраас 18 аймгаар явж уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингэхэд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагууд хоорондоо ойлголтын зөрүүтэй, мэдээлэл муу байгаа нь харагдсан. Тиймээс хоорондоо мэдээллээ солилцох, орон нутгийн иргэдэд байнга зөв мэдээлэл өгөх нь чухал гэдгийг бид ойлголоо. Жишээ нь, миний амьдарч байгаа байшингийн цонхны доор нэг хүн ирээд, юу ч хэлэхгүй нүх ухаад эхэлбэл би хардана. Энэ хүн дахиад нэг өндөр байшин барих гэж байна уу, яах гэж байна гээд. Үүн шиг хөдөө малаа маллаад явж байгаа хүн хажууд нь гэнэт машинтай хүмүүс ирээд, газрыг нь хөндөөд, ажил хийгээд эхлэхээр нөлөөллийн бүсэд байгаа болохоор хардаж байна. Тиймээс хамгийн чухал нь аж ахуйн нэгжүүд, төр засгийн байгууллагууд байнга мэдээлэл өгч, ажил хийх гэж байна. Хайгуул судалгаа хийгээд явна гэдгээ тайлбарлавал тэр хүмүүс ойлгоно шүү дээ. Гэтэл ямар нэгэн тайлбаргүй очоод л эхэлдэг учраас хардлага гараад байна. Үүнийг даван туулахын тулд бид жил бүр орон нутгаар явах уулзалтаа тогтмолжуулахаар болсон. Мөн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор Ашигт малтмал газрын тосны газар төлөөлөгчийн газраа орон нутагт байгуулахаар болсон. Тиймээс орон нутагтайгаа уялдаж, илүү ойртож ажиллана.
Олон улсын жишиг байдаг. Жишээ нь, 100 тусгай зөвшөөрөл байхад тэр зуугаас нэг л орд олдог. Мөн 100 орд байлаа гэхэд нэг нь дэлхийн хэмжээний маш том орд болдог. Ашигт малтмалын хууль батлагдсан 1990-ээд оноос хойш сүүлийн 20 гаруй жил Монгол улсын нутаг дэвсгэрт 14 мянган тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Зарим нь цуцлагдаад, хугацаа нь дууссаар одоо 855 зөвшөөрөл үлдсэн. Энэ 14 мянган лицензээс дэлхийн хэмжээний ганцхан орд олдсон. Тэр нь Оюутолгой. 10 мянгаас нэг орд олох магадлал гэдэг нь ойролцоо юм шиг. Бид дараагийн 21-р зууны дунд үед Оюутолгойгоос гадна ирээдүйн хөгжлийг авч явах ордуудаа одоо хайж эхлэхгүй бол бидэнд хугацаа бага байна.
Видеог дээрээс үзнэ үү.