“Лабораторийн шинжилгээний чанар хангалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалт болж байна. Лабораторийн чанарын үнэлгээ болон үндэсний хэмжээний лавлагаа лабораторитой болохын давуу талын тухай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр мэдээллээ.
2022 оныг эмнэлгийн чанар, хүртээмжийг сайжруулах жил гэж зарлан, эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Тусламж, үйлчилгээнд анхаарах хамгийн чухал зүйл бол лабораторийн чанар, чадавхын асуудал юм. Манай улсад олон улсын 15189 стандартыг биелүүлсэн улсын болон хувийн хэвшлийн 19 лаборатори байна.
Лабораториудад өдөр тутмын чанарын үнэлгээ гэж байдаг. Гэхдээ олон улсад гуравдагч хяналтын асуудлыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, зарим тохиолдолд лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй байх зэрэг асуудлууд үүсдэг. Үүнийг хэрхэн шийдэх вэ, ямар гарц, гаргалгаа байна вэ.
Монгол улсад үндэсний хэмжээний лавлагаа лабораторийг байгуулах асуудал тулгамдаж байна. Үүнийг маш ойрын хугацаанд хийх нь чухал. Үндэсний хэмжээний лавлагаа лабораторитой болсноор шинжилгээний сорьцууд нэг стандарттай болно гэсэн үг. Одоо эмнэлэг бүр өөрсдийн гадаад харилцаа болон боломж нөхцөлдөө тааруулан янз бүрийн олон сорьцын үнэлгээг ашигладаг. Энэ асуудлуудаа цэгцэлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх лабораториуд нэг стандарттай болох хэрэгтэй. Ингэснээр цахим шилжилтийн энэ үед эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийн шинжилгээний хариуг харилцан зөвшөөрлөөр хуваалцах, иргэдэд хүндрэл учруулахгүй байх давуу талтай юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.