Өнгөрсөн тавдугаар сард үүрэгт ажилдаа орсон БНСУ-ын ерөнхийлөгч Лондон хотод хатан хаан II Элизабетын төрийн оршуулгад оролцсон юм. Түүний дараа НҮБ-ын 77 дахь Ерөнхий Ассамблейн хуралд оролцохоор Нью-Йорк хотод ирлээ. Тэрээр НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешээс гадна Японы ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нартай уулзах юм. Энэ уулзалтад хэвлэлийнхэн, олон нийт хүлээлт өндөртэй байна.
Гурван улсын төлөөлөгчид сүүлийн саруудад удаа дараалан уулзаж БНАСАУ-ын болзошгүй цөмийн зэвсгийн туршилтын эсрэг хариу үйлдэл үзүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Харин энэ удаад гурван улсын удирдагчид ийнхүү уулзах гэж байна. Энэ уулзалтын дараа БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой Оттава хотод уулзана. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үеэсээ гадаад бодлогодоо онцгойлон ач холбогдол өгөхөө мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: YONHAP