Өнөөдөр Украины сөрөг довтолгоо эхлээд гурван долоо хоног болж байна. Тодруулбал, Украины цэргийн хүчнийхэн Харьков мужийн Изюм, Купянск тэргүүтэй хотуудаа чөлөөлөөд байна. Сөрөг довтолгоо улам ширүүсч, Луганск мужид ойртож эхэлснийг Украины талаас мэдэгдээд байгаа юм. Донбасс бол ОХУ-ын цэргүүд хяналтаа тогтоосон гол стратегийн цэг нь билээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит бичлэгээрээ Оросын цэргийн хүчнийхэнд хандаж “Украины газар нутгаас явах, эсвэл бууж өгөх гэсэн хоёр сонголттой тулж буй”-г нь сануулсан юм. Түүнчлэн түрэмгийлэгчдэд алдсан газар нутгаа бүгдийг нь эргүүлж авахаа амласан байна. Харин үүний хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Бүх цэргийн хүчээ гаргаагүй” гэж анхааруулжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн ням гарагт CBS-д 60 минутын ярилцлага өгсөн. Энэ үеэр сэтгүүлч түүнээс В.Путин болон Оросын армийнхан Украины сөрөг довтолгоонд ялагдал хүлээж эхэлж байгаа тул дараагийн алхмаа цөмийн зэвсэг ашиглах талаар бодож байж магадгүй талаар асуусан. Харин Жо Байден үүнд “Битгий, битгий, битгий” гэж хариулсан нь хэвлэлүүдийн онцлох гарчиг болж байна.
Эх сурвалж: AL JAZEERA