"Монголд малын өвчин тарааж хөлждөг бүлэглэл бий. Ингэж өвчлүүлчхээд вакцины "мөнгө иддэг" гэж Малын гавьяат эмч Ц.Өлзийтогтох ярьж байв. Түүний үгийг батлах мэт олон үйл явдал ар араасаа цуварсаар байна.
Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга асан З.Батсүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлээд байна. Тэднийг өнгөрсөн оны наймдугаар сард баривчилсан. Тодруулбал, өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан, сонгон шалгаруулалтгүйгээр, өндөр үнэтэй вакциныг БНЭУ-аас худалдан авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан юм.
Хэргийн талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Тэмүүлэн ”Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа албан тушаал бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, яаралтай дархлаажуулалт гэх нэрийдлээр тендерийн тухай хууль зөрчиж, Энэтхэг улсын нэр бүхий компанид 2018-2020 онуудад хэд хэдэн удаагийн гэрээ байгуулан, нийт 3,9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гадаадын уг компани нь Монголд байгуулагдсан Г гэх компанитай агентын гэрээтэй. Г гэх компанийг үүсгэн байгуулагч нь Б гэгч этгээд байсан. Улмаар Б-д хоёр тэрбум төгрөгийн давуу байдал олгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг шүүхэд шилжүүлээд байна.
Г гэх компани вакцин нийлүүлэх сонгон шалгаруулалтад хэд, хэдэн удаа орсон боловч тэнцээгүй байдаг. Улмаар, Мал эмнэлгийн газрын даргаар Б томилогдсоны дараагаар сонгон шалгаруулалтгүйгээр тэнцэж, зах зээлийн ханшаас хоёр дахин өндөр үнэтэй вакцин нийлүүлж эхэлсэн. Вакцин нийлүүлэх гэрээг заавал тендер зарлаж явуулах ёстой байсан ч шууд худалдан авалт хийсэн” гэлээ.
Ийнхүү малын өвчнийг хязгаарлах чиг үүрэгтэй байгууллагын удирдлагууд нь гаднаас өндөр үнэтэй вакцин шахаж, өөрийнхөө халаасыг зузаалж байсан гэх хэрэг шүүх рүү шилжиж байна.
Өрөг.мн сайтын редакц өнгөрсөн зургаадугаар сард Малын гавьяат эмч, доктор Ц.Өлзийтогтохоос ярилцлага авч хүргэж байсан. Тэрбээр ярилцлагадаа “Биотерроризм гэж хэлдэг шүү дээ. Вакцин, эмийн наймаа нь цаагуураа мөнгөний асуудалтай холбогдож байна л даа. Халдвар тараачхаад вакцин шахдаг тогтоцлоо бий болчихсон нь нууц биш. Монголд вакцин мэддэггүй хүн ч байхгүй болчихлоо. Нэг айлын 100 үхрээс нэг нь өвчилсөн бол бүх үхэр л шүлхийтэй болсон гэсэн үг. Гэтэл ялгаж тарьж оромдчихоод вакцинаа шахаад л байна. Өвчин нь даамжраад л байна. Энэ бол биотерроризмийн гамшиг хэлбэр мөн биз дээ. Энийг дааж давж гарахад хэцүү. Зориудын халдвар тараах буюу хорлон сүйтгэх үйл ажиллагаа мөн байгаа биз дээ.
Энэ жил л гэхэд вакцинжуулалтад 30 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд өгөөч ээ гэж зөндөө л ярилаа. Яагаад гэвэл, би дотоодын вакцины үйлдвэрлэлийг 14 жил, цехийн үйлдвэрлэлийг 7 жил удирдсан хүн байхгүй юу. Технологичоос нь эхлээд л ажилласан. Гэвч вакцинаа дотооддоо гаргаж авъя, ажлаа урагшуулъя гэхээр төсөл хөтөлбөрийг нь эрдэмтэн мэргэн гэх худлаа нэр барьсан хүмүүст өгчихдөг. Шинэчлэлийг нь гацаагаад зогсоочихдог. Яагаад гэвэл гаднаас вакцин зөөж байх нь л тэр хүмүүст ашигтай байна шүү дээ. Өвчин гарахыг ч өөрсдөө мэддэг болчихлоо. Ийм тийм өвчин гарах эрсдэлтэй байна шүү гэж анхааруулж байгаад л вакцин шахдаг. Наймаа хийдэг.
2008-2009 оны үеэс л бид Унгар улстай хамтарч Биокомбинатын шинэчлэлийг эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр хоёр улс ойлголцох боломжгүй болоод л ажил нь зогсчихсон байна” хэмээн ярьсан юм.
Ийнхүү дотоодын үйлдвэрлэлээ гацааж, гаднаас малын вакцин татахын цаана энэ салбарт үүрлэсэн бүлэглэлийн эрх ашиг бий гэх асуудлыг эхнээсээ баталж, хууль хяналтын байгууллага ажиллаж эхлээд байна. Малын эрүүл мэнд гэдэг бол Монголчуудын хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Цаашилбал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр асуудал болно. Бид энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндөж, эрх бүхий албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж, баримт мэдээллийг цувралаар хүргэх болно.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.