Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Үндэсний дата төвд ажиллалаа. Энэ үеэр Үндэсний “Cloud” системийг нэвтрүүлж, төсвийн хөрөнгөд хэмнэлт хийх асуудлыг хөндлөө.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарлагдсанаар сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн байгууллагууд 64 тэрбум төгрөгийн сервер, тоног төхөөрөмж болон программ хангамж худалдан авсан байна. Үүнд төсвийн хэмнэлт хийх боломжтой. Энэ гарц нь Үндэсний дата төвд “Сloud” системийг нэвтрүүлэх явдал гэж салбарын сайд үзэж байна. Олон Улсын туршлагаас харвал “cloud” технологийг АНУ 2011 онд, Европын холбооны улсууд 2012 онд тус тус нэвтрүүлжээ. Тиймээс Үндэсний дата төвийн үйл ажиллагааны чиглэлийг Олон Улсын дата төвийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Cloud /PAAS-Platform as a Service/ хэлбэрт шилжүүлэн ажиллуулахаар бодлогын түвшинд шийдвэрлэж байна.
Ингэснээр төрийн байгууллагууд давхардсан хөрөнгө оруулалтаар сервер, хадгалах төхөөрөмж авахгүйгээр Үндэсний дата төвийн “cloud” дэд бүтцэд системээ байрлуулах замаар давхардсан хөрөнгө оруулалтыг 40 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэнэ. Түүнчлэн төрийн байгууллагууд өөрсдийн сервер тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллах системийн админ, сүлжээний админ зэрэг мэргэжилтэнг өгөгдөл боловсруулах, шинжилгээ хийх, кибер аюулгүй байдал хариуцуулах зэрэг шаардлагатай чиглэлд хөрвүүлэн ажиллах боломжтой юм.
Мөн Үндэсний дата төв зөвхөн төрийн байгууллагын мэдээллийн систем, сервер тоног төхөөрөмжийг байршуулснаар хувийн хэвшлийн бусад дата төвийн үйл ажиллагаатай өрсөлдөхгүй байх боломжтой. Түүнчлэн Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн өндөр ур чадвар эзэмшсэн, мэргэшсэн сертификат бүхий боловсон хүчнээс бакалаврын диплом шаардахгүйгээр Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт ажиллах боломжийг олгох чиглэлээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн юм.
Эх сурвалж: ЦХХХЯ