Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталсан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Монгол Улсын Сайд, төвлөрөл сааруулах, түгжрэлийн эсрэг Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарт тамга тэмдгийг гардуулан өгч, амжилт хүслээ.
Ж.Сүхбаатар сайд Монгол Улсын нийт хүн амын тал орчим хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатарчуудын тулгамдсан асуудал болоод байгаа авто замын түгжрэлийг бууруулахад “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” уриан дор хамтдаа хүчин зүтгэж, бодитой ахиц дэвшил гаргаж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн авто замын түгжрэлийг бууруулахад холбогдох төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, иргэн, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа онцолж байлаа.