“Би харааны бэрхшээлтэй, 120-д амьдардаг. Бэлтгэлээ хийхийн тулд өдөр бүхэн Налайх руу автобусаар явдаг. Харахгүй учраас бэлтгэл хийж байгаад унах, бэртэх энүүхэнд. Тэр бүхэнд би шантардаггүй. “Амжилт гаргана, би чадна” гэж өөрийгөө хурцалдаг” гэж буй түүнийг Б.Болормаа гэдэг.
Пара хөнгөн атлетикийн тамирчин тэрбээр энэ жилийн Бүх ард түмний наадамд өөрөөсөө 20, 30 насаар дүү тамирчидтай уралдан, түрүүлсэн юм. 56 настай, ахмадын дэлхийн аварга Б.Болормаа олон, олон саад бэрхшээлийг даван туулж яваа харааны бэрхшээлтэй тамирчдын төлөөлөл.
-Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Намайг Банзрагчийн Болормаа гэдэг. Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 56 настай. Пара хөнгөн атлетикийн спортоор 25 дахь жилдээ хичээллэж байна. Т-12 ангилалд уралддаг.
-Бүх ард түмний наадамд дөрөв дэх удаагаа түрүүллээ. Энэ удаа өөрөөсөө хэдэн насаар дүү тамирчидтай уралдав?
-Монголын олимп гэгддэг энэ наадамд дөрөв дэх удаагаа түрүүлсэндээ баяртай байна. Энэ жил би түрүүлэхдээ өөрөөсөө 20, 30 насаар дүү тамирчидтай уралдлаа. Хичээл, зүтгэл, уйгагүй хөдөлмөрлөсний минь үр дүн байх.
-Энэ спортоор хичээллэхэд хүндрэл бэрхшээл их тохиолддог байх. Хамгийн хүндрэлтэй нь юу байна вэ?
-Бэрхшээл зөндөө. Харахгүй учраас бэлтгэл хийж байгаад унах, бэртэх энүүхэнд. Тэр бүхэнд би шантардаггүй. “Амжилт гаргана, би чадна” гэж өөрийгөө хурцалдаг.
-Та бэлтгэлээ хаана хийдэг вэ?
-Төв цэнгэлдэхэд, Налайхад, цэцэрлэгт хүрээлэнд хийдэг. Гүйлтийн зориулалтын замтай тул Налайх руу л түлхүү явдаг.
-Хувийн унаатай юу?
-Байхгүй ээ. Автобусаар л явдаг. Бэлтгэлдээ явахын тулд өдөр бүр 06.00 цагт босдог. Налайх руу хоёр цаг орчим яваад очдог.
-Гэр бүлийнхэн нь хүргэж өгдөг үү?
-Манайх Хараагүйчүүдийн үндэсний төвийн тэнд, 120-д амьдардаг. Тэндээс Налайх руу өдөр бүр хүргүүлэх хүндрэлтэй. Тиймээс би ганцаараа л явдаг. Автобусны буудал руу явж байхад траншейны нүх, шонгийн мод гээд олон саад, бэрхшээл тулгардаг. Цагаан таягаа бариад л, аль болох мөргөчихгүй, юм руу уначихгүй явахыг хичээдэг.
Автобусны буудал дээр очоод нийтийн тээвэр хүлээнэ. Маршрутыг нь харахгүй. Тэгээд “Энэ хаанахын автобус вэ” гэж бусдаас асууна. Зарим хүн хэлж өгдөггүй, сонсоогүй юм шиг л яваад өгдөг. Уг нь хэлээд өгвөл, автобусандаа амжаад суучихна. Чиглэлийг нь харж чадахгүй мунгинаж байтал Налайхын автобус явчихна. Дараагийн автобус ирэхийг хүлээхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ мэт бэрхшээл олон. Даван, туулаад л явж байна.
Би гүйх үнэхээр дуртай. Хайртай, дуртай, сонирхолтой спортоороо хичээллэж байгаа болохоор ер шантарч, “Больё” гэх бодол төрдөггүй.
-Энэ төрлөөр хичээллэдэг хэчнээн тамирчин Монголд байдаг вэ?
-Пара хөнгөн атлетикийн Т-12 ангиллалд тууштай хичээллэдэг хүн цөөхөн. Тэмцээнд 10-аад тамирчин оролцдог.
-Та олон улсын тэмцээнд оролцдог уу?
-Оролцолгүй яах вэ. 2017 оны ахмадын дэлхийн аваргад хурд сориод түрүүлсэн.
-Цаашдын зорилго, мөрөөдөл тань юу вэ?
-Энэ спортоор тууштай хичээллэн, эрүүл байж, улам өндөр амжилт гаргахыг хүсэж байна. Дараагийн бүх ард түмний наадамд түрүүлэх, дэлхийн хошой аварга болохын төлөө зорьж явна.