Италийн Наполи хотод болж буй соёлын өдрүүдэд монгол гэрийг дутуу барин, бусад эд зүйлсийг хайш яаш байрлуулсан гэх бичлэг цахим орчинд тархаад буй. Энэ асуудлаар “Хөх Монгол” язгуур урлагийн хамтлагаас мэдээллээ.
“Хөх Монгол” язгуур урлагийн хамтлаг 1997 оноос хойш Европын улс орнуудад Монгол улсын язгуур соёл урлагийг сурталчлан таниулж ирсэн. Бид Итали Улсын “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниас зохион байгуулдаг олон улсын “Дорно дахин” фестивальд сүүлийн найман жил амжилттай оролцож, жил бүр Италийн хотуудаар Монгол улсаа сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээнд сонирхсон байгууллага, хувь хүн цахимаар бүртгүүлэн оролцох боломжтой бөгөөд манай хамтлагийн хувьд энэ сарын 24,25-ны өдрүүдэд Итали Улсын Перужиа хотод, аравдугаар сарын 8-ны өдөр Милан хотод зохиогдох фестивалуудад оролцохоор бүртгүүлээд бэлтгэлээ хангаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Наполи хотод болсон фестивальд оролцохгүй гэдгээ бид “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниад урьдчилан мэдэгдсэн болно.
Өчигдөр олон нийтийн цахим сүлжээгээр тархсан бичлэгт гарсан монгол гэр нь “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэр бөгөөд тус компани монгол гэрийг нэгэнт Наполид аваачсан тул гэр барих ажлыг эхлүүлээд дуусгаж амжаагүй учраас нэвтрэхийг хориглосон анхааруулах тэмдэглэл тавьж хаалгыг хаасан талаар бидэнд мэдэгдсэн. Одоо тус компаниас нэвтэрхийг хориглосон хэсэгт монгол хүмүүс хэрхэн орж бичлэг хийсэн талаар тайлбар хүсч байна. Мөн тус компанийн өмч болох монгол гэр болон гэр дотор байсан үзмэр, эд хэрэгслийг бүртгэн эвдэрч гэмтсэн, дутаж, алдагдсан тохиолдолд хохирлоо нэхэмжлэн төлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.
Асуудлын учрыг тодруулалгүйгээр энэ арга хэмжээний зохион байгуулалтад хамааралгүй Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Ром дахь Элчин сайдын яамны нэрийг зохион байгуулагч мэтээр үндэслэлгүйгээр гүтгэн хэлж цохон дурдаж, улмаар эх орноо гадаадад сурталчлан таниулах гэж хичээж зүтгэж ирсэн бидний хөдөлмөр зүтгэл, эх орныг минь сурталчилж ирсэн “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компанийн үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл тарааж буйд харамсаж буйгаа хэлье. Энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийн хоёр байгууллага хамтран зохион байгуулж ирснийг дахин тодотгоё” гэжээ.