Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал өнгөрсөн 14 хоногт нийслэлийн хэмжээнд гэм хэрэг, зөрчлийн байдал ямар байсан талаар мэдэллээ.
Тэрбээр хэлэхдээ:
– Голын эрэг дагуу амарч, зугаалахаар зорчсон 1050 иргэн, 550 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан есөн хүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан.
Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот руу орсон 7650, хотоос гарсан 6775 тээврийн хэрэгсэл, 63305 иргэнийг шалгахад нойтон тарваганы мах нэвтрүүлэхээр завдсан хоёр зөрчил илэрсэн. Хураагдсан гурван ширхэг тарваганы махыг холбогдох албанд шилжүүлээд байна гэж мэдээллээ.
Мөн гэмт хэрэг зөрлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн оюутан, сурагч, хүүхэд багачуудад мэдээлэл өгч, зааварчилгаа хүргэсэн байна. Ерөнхий боловсролын 184 сургууль, 182 цэцэрлэг, 15 их, дээд сургууль, 5 албан бус насан туршийн боловсролын төв, 12 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, есөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна, дотор нийт 8167 хяналтын камерын үйл ажиллагаа, бүрэн бүтэн байдал, бичлэг хадгалалт нь стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьсан. Ерөнхий боловсролын 22 сургууль, 19 цэцэрлэг, гурван их дээд, сургуулийн нийт 177 камерыг засуулах шаардлага хүргүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3493 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 36.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд олон нийтийн газарт зүй бусаар авирласан зөрчил 72 хувиар, танхайрах зөрчил 66.1 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил 71 хувиар тус тус буурсан байна.
Харин Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд хэлэхдээ “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн гудамж замын хяналт шалгалтаар нийтдээ 40505 зөрчил, камерын хяналтаар 35569 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1073, согтуугаар зам тээврийн осол гаргасан 23 жолоочийг илрүүлсэн” гэсэн юм.