Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулах санал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд бүхий л байгууллагууд анхаарал хандуулан ажиллаж байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэлжээ.
ОРОН СУУЦ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГҮҮДИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАЛААЛТАД ХОЛБОЖЭЭ
Намрын сэрүүн өдрүүд айлчилсан энэ цаг үед хамгийн их анхаарал татсан асуудал бол халаалт, дулаан түгээх асуудал байдаг. Жил бүрийн есдүгээр сарын 15-наас түгээдэг халаалт болоод дулаан, цахилгаан түгээлтийн өнөөгийн байдал ямар байгаа тухай мэдээллийг сонслоо.
“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан:
-Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэмжээнд төв шугамын засварын ажил бүрэн хэмжээнд дууссан үзүүлэлттэй байна. Манай байгууллага энэ зуны хувьд 10 байршилд 200-1000 мм-ийн диаметртэй нийтдээ 5.5 км шугамыг хэсэгчлэн солих ажлыг хийж гүйцэтгэлээ. Есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд дулаан хангамжид холбогдох 3800 гаруй орон сууцны байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг халаалтаар хангах бэлтгэлийг хангасан. Есдүгээр сарын 15-наас эхлэн ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалан дулааны станцууд ажиллаж нийслэлийн дулаан хангамжийг түгээж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 112 сургууль, 165 цэцэрлэг, 66 эмнэлэг, 190 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 3771 орон сууцны халаалтыг өгч, 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим албан байгууллага халаалтаа түр хугацаагаар хаалгасан байгаа. Дэлхийн банкны санхүүжилтээр 5А магистрал шугамыг 1000 мм-тэй болгон өргөтгөж дууслаа. Өргөтгөл, бүтээн байгуулалт дууссан ч залгалт хийгээгүй учир Алтай, Тэлмүүн, Хос өргөө хотхонуудын 32 байрны халаалтыг хараахан өгч амжаагүй байна. Мөн Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэж байгаа наймдугаар магистралын шугамын засварын ажил хил гаалийн саатлаас шалтгаалан бүрэн дуусаагүй байна. Үүнээс үүдэн Улсын клиникийн гуравдугаар эмнэлэг, тус эмнэлгийн ойролцоох хоёр орон сууцны халаалтыг өгөөгүй байна. Тун удахгүй халаалтыг залгана гэсэн хариулт өглөө.
“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Р.Дагдан:
-Улаанбаатар хот одоогийн байдлаар 552 МВт ачаалал авч байгаа нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн оны мөн үед 542 МВт байсан. Урсгал засварыг бүрэн гүйцэтгэсэн, их засвар 82 хувьтай, 2022 оны худалдан авах ажиллагааны багцын ажил 83.3 хувьтай байна. Хил гаалийн саатлаас үүдэн ажил хойшлогдсон тал бий. 2023 онд нийслэлийн хэмжээнд гэрэл цахилгаангүй айл өрхийн асуудлыг шийдэх зорилт дэвшүүлсэн. Одоогийн байдлаар судалгааг нарийвчлан авч байна. Судалгаанд анхаарлаа хандуулж, ирэх онд хийх ажилд нийслэлийн зүгээс саналаа илгээх хэрэгтэй байна гэсэн юм.