
Номоо тэврээд яаран алхах зургаан настай охин, тор дүүрэн номоо барьчхаад таягаа тулан алхах өвөө, найзуудаараа цуглаж, номоо хайх залуус гээд Төв талбай олны хөлөөр дүүрэн гурван өдөр өнгөрлөө. Тэднийг ном л нэгтгэж, бас нөхөрлүүлж, догдолж яарах сэдлийг нь ч төрүүлжээ. Номын хорхойтнууд энэ удаагийн баяраа “Илүү их уншъя” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Номын баярт ирсэн уншигчдаас гадна, зохиолчид сэтгэл хөдлөл дүүрэн байлаа. Учир нь тэд шинэ бүтээлээ “өлгийдөж”, уншигчдадаа нэг ёсондоо “шалгалт өгөхөөр” ирсэн нь энэ. Зохиолчид нэг асарт хэд хэдээрээ сууж, шинэхэн бүтээлээ борлуулж байлаа. “Тэр ном байгаа юу. Дуусчихсан уу. Маргааш ирэх үү. Нэмэлтээр аваад ирвэл сайн л байна… Би энэ номыг хайж бүхий л номын дэлгүүр тойрсон юм. Ашгүй дээ” гэж ярих залуус олон байх нь номын баяр хэр их хүлээлттэй байдаг, ямаршуухан эрэлт энд бий болдог вэ гэдгийг илтгэнэ. Нэг хэсэг “Залуус шөнийн цэнгээний газарт бус биш, номын санд дугаарладаг байгаасай” гэх яриа олны дунд “шуурдаг” байлаа. Өнөөдөр энэ үг үнэхээр биеллээ олж, залуус ном булаацалддаг, уншсан номынхоо сайн сайхныг ярилцдаг, хоорондоо туршлагаа хуваалцдаг болжээ.