Иргэдийн цалин хөлсний өсөлт болон дундаж цалингийн асуудлаар Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэлээс тодрууллаа.
Тэрбээр “Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд суурилж, дундаж цалинг тооцсон. 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар 48.3 мянган аж ахуйн нэгжийн 742.5 мянган ажиллагч нийгмийн даатгал төлсөн байна. Үүнээс дундаж цалинг тооцоход 1.160 мянга гарсан. Дундаж цалин нь нийт ажиллагчдын тал хувь нь 1.160 мянгаас доош, тал нь үүнээс дээш цалин авч байна гэсэн үг.
Бид нийгмийн даатгалын тайланд суурилж тооцож байгаа учраас энэ нь бодогдсон цалин байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар хасахаас өмнөх дүн юм. Хэрвээ бид үүнийг тооцоод үзвэл дундаж цалин 940 мянган төгрөг болно.
Дундаж цалин өмнөх онтой харьцуулахад 166 мянган төгрөгөөр өссөн. Үүнээс гадна зөвхөн цалингийн нэрлэсэн өсөлтийг бус бодит цалингийн өсөлтийг авч үзэх нь маш чухал. Учир нь хэрэглээний үнийн индекс өсөж байна. Үүнтэй уялдуулан худалдан авах чадвар бодит цалингийн хувьд өссөн үү гэдгийг тооцоолоход 2015 онтой харьцуулахад нэрлэсэн цалин 77 хувиар өссөн байна. Гэтэл бодит цалин буюу хэрэглээний үнийн индексээр худалдан авах чадвараар засварласан индекс нь ердөө 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.