ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнуудын удирдагчид хоёр талт, гурван талт уулзалтуудыг хийсэн. Харин БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди В.Путинтэй хийсэн уулзалтын үеэр дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл, "БНЭУ аль талд байгаа эсэхийг тодорхойллоо" гэж дүгнэж байгаа юм.
Тодруулбал, БНЭУ-ын ерөнхий сайд уулзалтын үеэр “Өнөөгийн цаг үе бол дайны цаг үе биш. Бид тантай утсаар ярихдаа ардчилал, дипломат яриа хэлэлцээ дэлхийг хөдөлгөж байгаа гол хүчин зүйл гэдгийг олон удаа хэлсэн” гэжээ.
Түүнчлэн, БНЭУ-ын Гадаад харилцааны яамнаас цаашид дэлхийд энх тайвныг бий болгоход хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгааг мэдэгджээ. Харин В.Путин “Би таныг Украины дайнд ямар байр суурьтай байгааг мэдэж байна. Бид энэ дайныг хурдан дуусгахыг хичээж байна” гэж хариулжээ.
Ийнхүү ОХУ-ын хамгийн том түншүүд Украины дайны талаар үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд ч Украины дайны талаар В.Путинтэй ярилцсан юм.
Эх сурвалж: CNN