Монголын боксын спортод түүхэн гавьяа байгуулсан эмэгтэй цор ганц боксчин бол М.Нандинцэцэг. Түүний дөрвөн жилийн өмнө Энэтхэгийн Дели хотод болсон ДАШТ-ээс авсан хүрэл медаль нь яахын аргагүй алтан үсгээр бичигдэх амжилт юм. Тэрбээр Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдээс анх удаа дэлхийн медальтан болсон амжилт одоо ч давтагдаагүй байна. Аливаа зүйлд анхдагч байх сайхан. Ялангуяа спортын ертөнцөд бүр ч илүү.
М.Нандинцэцэгийн гавьяа зүтгэлийг төр нь үнэлж, гавьяат хэмээх эрхэм цол, тэмдгээ хайрласан. Уг нь тэр Эрдэнэтийн унаган охин. Дэлхийн дэвжээнээс медаль хүртээд ирэхэд нь түүний өсөж төрсөн нутаг Орхон аймгийн удирдлагууд тоосонгүй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон нь ч чимээгүй өнгөрсөн.
М.Нандинцэцэг “Хангарьд” клубийн нэр дээрээс олон жил тулалдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэр хүндийг 10 гаруй жил өргөж, дуурсгаж ирсэн. Мартаагүй бол шүү дээ. Уг нь бокс олимпын хөтөлбөрт багтсан, бас Монголын “топ-4” спортын нэг. Энэ хэрээр М.Нандинцэцэгийн амжилт, гавьяа бүр ч их жин дарна.
Хэдхэн хоногийн өмнө Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд үндэсний бөх, шатрын олимпиадын ширээний алтан медальтнаа хэрхэн өлгийдөн авч, орон сууцаар шагнасныг бүгд харцгаасан. Лав хоёр өрөө байрны түлхүүр гардуулна билээ. Яг үүн шигээ М.Нандинцэцэгийн амжилтыг үнэмж, урамшуулсан бил үү.
Үүний сацуу Монголын боксын холбооны удирдлагууд түүний түүхэн амжилтыг зүй ёсоор үнэлсэн бил үү. Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндбаатар нарыг амжилтыг үнэлсэн санагдана.
Ирэх даваа гаригт ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг гавьяат тамирчин цолныхоо найрыг хийнэ. Монголын боксын холбоо, Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ээс юу өгч, амжилтыг үнэлэх бол гэсэн хүлээлт олны дунд их байна.
Төр засаг, “Эрдэнэт үйлдвэр”, Орхон аймаг, Монголын боксын холбоо тамирчдынхаа амжилтыг шударгаар үнэлж, урамшуулбал тэд эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргахын төлөө улам хичээнэ шүү дээ. Ер нь М.Нандинцэцэгийг дөмөгхөн шагнах нь ганцхан түүнд бус өвлийн спортын бусад тамирчинд томоохон урам өгөх нь дамжиггүй. Харин цэцгийн баглаагаар “булаад” өнгөрвөл жинхэнэ шоовдорлосон хэрэг болно. Мөн манай зарим компани, аж ахуйн нэгжүүд олны өмнө томоохон шагнал амлаж, шоудчихаад таг чиг болдог гэмтэй. Тийм зүйл битгий давтагдаасай.