Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг албан тушаалаас нь чөлөөлсөн. Улмаар тэрбээр ажлаа сайд асан С.Болорт өчигдөр хүлээлгэж өгсөн юм. Тэгвэл тус сургуультай холбоотой нэгэн эргэлзээтэй байдал үүслээ. Учир нь Ж.Соронзон “Орос III” сургуулийн албан ёсны хувьцаа эзэмшигчээр 2014 онд зөвхөн өөрийгөө бүртгүүлжээ.
УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлд 9086781 регистерийн дугаартайгаар 2014 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд мөн өөрийнхөө нэрийг бүртгүүлснийг ЭНД дарж үзнэ үү. Мөн хачирхайлтай нэг зүйл нь, эцсийн өмчлөгч гэсэн хэсэг нь хоосон байна.
Уг нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол-Оросын хамтарсан III сургууль нь 100 хувь Монгол Улсын өмч хэмээн мэдэгдээд байсан билээ.
Ж.Соронзон хэвлэлд ярилцлага өгөхдөө "Орос III сургууль бол ОХУ-ын өмч. Засгийн газар хоорондын хэлэлцээрт нь ч байгаа, гурван яамны гэрээнд ч байгаа. Сургуулийн дүрэмд ч бий. Бүх бичиг баримтад оросын өмч гээд заачихсан. Гэрээний хугацаанд “Та энэ сургуулийг харна, хамгаална, захирна, зарцуулна аа" гээд хүлээлгэж өгсөн. Тиймээс ОХУ-ын ийм том өмчийг хариуцаж байгаа хүн гэнэтхэн Боловсролын сайд намайг халчихлаа гээд гүйгээд явж болохгүй байна” гэж байв.
Тэгэхээр Орос, Монголын хамтарсан III сургууль Монгол Улсын өмч үү, хувийн өмч үү гэдэг асуулт урган гарах нь.