БНСУ-ын Үндэсний ассамблейн Тамгын газрын гадаад харилцаа, Дэд даргын гадаад харилцааг Монгол Улсын иргэн Баттогтохын Урангоо хариуцан ажиллахаар болжээ. Ингэснээр тэрбээр тус улсын үндэсний ассамблейд ажиллах анхны монгол хүн болов.
Энэ талаар Б.Урангоо цахим хуудсандаа “Утгыг нь ойлгож, сайхныг нь мэдэрвэл улс төрийн салбар, гадаад харилцаа гэдэг хариуцлага өндөртэй хэрнээ олон нийтийн төлөө хийж буй утга учиртай ажил. Өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд 300 гаруй гишүүдтэй хамтран ажиллах, хууль боловсруулах, засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, гадна дотны зочдыг хүлээж авах гээд жинхэнэ парламентын соёлыг мэдэрч, алхам тутамдаа энэ том баг хамт олноос дахин шинээр суралцах зүйл их байна.
Ажил хэргээр холбогдсон хүн бүр нэрийг минь цээжлэх гэж хэцүүхэн л байх шиг байна. Солонгосын түүхэнд дэд даргын ажлын албанд анхны гадаад хүн гээд үнэмлэхийг минь зүүж өглөө. Мэдээж гадаад хүн болохоор шалгуур өндөр холбогдох бүх төрийн байгууллагын хууль тогтоомжид заасан журмын дагуу 2 сарын турш зохих бүх шалгалт өглөө. Нэрээс минь илүү "Монгол" гэх зургаан үсгээр овоглож явна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хичээх болно" гэж нийтлэжээ.