Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Сербийн Белград хотод үргэлжилсээр. Монголын эмэгтэй бөхчүүд хоёр мөнгөн медаль хүртэн, багийн дүнгээр IV байрт шалгарсан.
Монголын бөхчүүдээс хүнд жинд буюу эрэгтэйчүүдийн 125 кг-д анх удаа финалдсан М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө олимп, дэлхийн аварга Таха Акгултай барилдлаа.
Тэд Токиогийн олимпод хүрэл медалийн төлөө барилдахад М.Лхагвагэрэл ялагдсан. Энэ удаа даагаа нэхэхийн төлөө хүч сорилоо.
Эл барилдаанд М.Лхагвагэрэл өрсөлдөгчдөө 6:2-оор ялагдав. Ингэснээр хүнд жинд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Монголын анхны бөх боллоо. Мөн энэ жил улсын заан цол хүртсэн амжилтаа дэлхийн аваргын мөнгөн медалиар мялаалаа.
Хагас шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гено Петриашвилийг ялсан М.Лхагвагэрэл өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэгэхдээ хүнд жинд дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны монгол бөх болж байв.