Өчигдөр өдөр Lil Pump-ийн албан ёсны твиттер хуудсаас цацагдсан дүрс бичлэгтэй холбоотой асуудлаар BRB компаниас мэдээллээ.
Тухайн компани өчигдөр уг мэдээллийг анх удаа авсан бөгөөд тэр даруйд хамгийн эхний ээлжид Lil Pump-ийн менежмент рүү холбоо тогтоож, давхар гэрээ хийсэн Тайван улсын агентлаг руу холбогдож бичлэгтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарлаж мэдээллийг тодруулсан байна. Уг бичлэгийг “Монгол улсад хийсэн, Монгол хүн, садар самуунтай холбоотой гэх ямар ч тодорхой зүйл байхгүй. Өөрийн байнга л хийдэг анхаарал татсан бичлэгүүдийн нэг юм. Гэхдээ та бүхэнд буруу ойлголт төрүүлж байгаа бол хүсэлтийг хүлээн авч байна” гэжээ. Бичлэгийг 20:00 цагийн орчимд устгасан байна.
BRB компаниас “Өнгөрсөн 24 цагт бид бүх мэдээллийг нягталж үзэхэд зохион байгуулагчдын хувьд уг бичлэгт байгаа хүнийг огт танихгүй, мэдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тэр хүн өөрөө мөн эсэхийг огт мэдэхгүй ямар учиртай ийм мэдээллийг тухайн нэг хүнийг онцолж нэр хүндэд нь халдаад байгаа мөн бидний зохион байгуулагчдыг нэг нэгнээ мэддэг байсан мэтээр тааж, холбож хандалт авах гэсэн пэйжүүдийг худал мэдээлэл цацаад байгаад харамсаж байна. Тухайн артист энд байх 36 цагт зохион байгуулагчид наадмын талбай дээр ажиллаж байсан бөгөөд өчигдөр нийгэмд гэнэт тодорхойгүй бичлэг мэдээлэл дээр эмэгтэй хүн рүү нэр ус цохож тааж, хүний нэр хүндэд нь халдаж олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлж байгаад харамсаж байна. Цаашид уг асуудалтай холбоотой үнэн бодит үндэслэлтэй, нотолгоотой, албан ёсны гомдол уг артиструу явах тохиолдолд бид бүх талаар дэмжиж хамтарч ажиллахад бэлэн” гэсэн тайлбар өглөө.
Мөн “Цаашид тухайн хувь хүний нэр хүндэд болон манай байгууллагын нэр хүндэд үндэслэлгүй дайрахгүй байхыг хүсэж байна. Ёс зүйтэй байж, эмэгтэй хүний нэр хүндэд халдахгүй асуудалд нухацтай хандахыг хүсье” гэсэн юм.