Серби улсад үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл шигшээд шалгарлаа. Хүнд жинд дэлхийн дэвжээнээс медаль авсан Монголын анхны хүчтэн тэрбээр хагас шигшээд дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор ялсан юм. Ингэснээр М.Лхагвагэрэл хүнд жинд дэлхийн дэвжээнд финалдсан монголын анхны бөх боллоо. Түүний тухай сонирхолтой 10 баримтыг хүргэе.
НЭГ. Мөнхтөрийн Лхагвагэрэл Завхан аймгийн Яруу сумын харьяат. 1998 оны дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн.
ХОЁР. Түүний аав Мөнхтөр аймгийн арслан цолтой. Аав шигээ бөх болохыг мөрөөдсөөр 10 насандаа үндэсний бөхөөр хичээллэсэн. Түүний анхны багш нь улсын начин Б.Адъяахүү.
ГУРАВ. Үндэсний бөх, чөлөөт бөхөөр 2013 оноос хослуулан барилдаж байгаа. Чөлөөт бөхийн бэлтгэлээ өдгөө гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад хийдэг.
ДӨРӨВ. М.Лхагвагэрэл 2017 онд аймгийн харцага, 2018 онд Завхан аймгийн наадамд үзүүрлэн, аймгийн заан болсон. Бүх цэргийн наадамд сүүлийн хоёр жил дараалан түрүүлж, өнөө жил улсын наадмаар долоо даван, улсын заан цол хүртсэн.
ТАВ. 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс 125 кг-д медаль авсан Монголын анхны бөх. Тэрбээр 2019 онд Унгарт болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
ЗУРГАА. Монголын чөлөөт бөхийн хүнд жинд өдгөө хамгийн өндөр амжилт гаргаж яваа тамирчин. М.Лхагвагэрэл өнгөрсөн жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ “Токио-2020” олимпын эрх авсан.
ДОЛОО. Токиогийн олимпын наадамд анх удаа өрсөлдөхдөө V байрт шалгарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Таха Акгульд дийлдсэн юм.
НАЙМ: Олимпын наадамд медалийн оосроос атгаад алдсан дутуугаа өнгөрсөн жил ДАШТ-д гүйцээн, хүрэл медаль хүртсэн. Ингэснээр дэлхийн дэвжээнээс хүнд жинд медаль авсан Монголын анхны бөх болж, түүхэн амжилт гаргасан юм.
Монголын чөлөөт бөхийн үе үеийн тамирчид хүнд жинд буюу 125 кг-д олимп, дэлхийн дэвжээнээс медаль авахыг зорьж, зүтгэсээр өдий хүрээд байв. Өмнө нь ОУХМ Ж.Чулуунбат 2011, 2015, Н.Золбоо 2017 онд ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдан, медалийн үзүүрээс атгаад алдаад байсан юм.
ЕС: ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, олимпод V байрт шалгарсан амжилтаар Монгол Улсын 2021 оны шилдэг эрэгтэй тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шагнал хүртсэн.
АРАВ: М.Лхагвагэрэл өнөөдөр дэлхийн аваргын төлөө олимп, дэлхийн аварга Таха Акгультай барилдана. Тэд Токиогийн олимпын дэвжээнд хүрэл медалийн төлөө барилдахад Т.Акгуль ялсан. Энэ удаа М.Лхагвагэрэл даагаа нэхэхийн төлөө өрсөлдөнө.