Өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр “Хүүхдээ үрчлүүлнэ” гэх зарыг цахим орчинд нийтэлсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид тухайн зар мэдээллийг нийтэлсэн эмэгтэйг олж тогтоон, хүүхдийн хамт цагдаагийн байгууллагад хүргэн, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт мэдээлэл хүргэн, хүүхдийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын харьяа хамгаалах байранд хүргэхээр ажиллаж байна.
Тухайн иргэн нь цагдаагийн байгууллагаас холбогдсон даруйд нийтэлсэн зар мэдээллээ өөрөө устгажээ.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид холбогдох төрийн байгууллага, хамтарсан багтай хамтран ямар шалтгаанаар тухайн зарыг нийтэлснийг тогтоох, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.