Өмгөөлөгч Б.Баасанцогт. Энэ нэрийг нийтээрээ мэддэг болоод хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд түүнийг хууль хяналтын байгууллагаас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, өдгөө цагдан хориод буй. “Лифтэнд “оцгонодог” өмгөөлөгч. Х.Баттулгын гар хөл. Шүүгчдийг авлигадаж, сүлжээ үүсгэсэн “толгойлогч” гэх олон тодотгол түүнийг дагаж, хууль хяналтынхан ч шалгах процессоо сүр дуулиантайгаар зарлаж байв. Энэ хэрээр ч түүнийг нийтээрээ жигшин зэвүүцэж байлаа. Өнөөдөр ч түүний хэрэг мухарлагдаж, нэг талдаа гараагүй. Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу биеэ үнэлэхийг зохион байгуулах, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хахууль өгөх” зүйл ангиудаар буруутган шалгаж байна. Бид буруутгагдаж байгаа талд үгээ хэлэх боломж олгож, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс өмгөөлөгч Б.Баасанцогтын эхнэр, өмгөөлөгч Б.Мөнхсайхантай ярилцлаа. Түүнтэй цаг товлон ярилцах зөвшөөрөл авах амар байсангүй. Таван сар эрэл сурал болж, дахин дахин хүсэлт тавьсны эцэст тэр зөвшөөрсөн юм. Б.Баасанцогтын байр суурь, гэр бүлийнх нь хүний хувиар ярьсан тайлбар, өмгөөлөгч хүний өнцгөөс харсан дүгнэлт гээд тэрбээр анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч, ам нээлээ. Ингээд түүний ярилцлагын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТЫН ЭХНЭРИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
1. Бичлэгт гардаг шүүгч нартай бид 2005 оноос хойш найзалж байгаа гэр бүлийн найзууд. Манай нөхөр Б.Баасанцогт бид хоёр сургуулиа төгсөөд шүүхийн байгууллагад шүүгчийн туслах хийж байсан. Бид бүгд л шүүгчийн туслахаас ажлын гараагаа эхэлсэн учраас найзууд болж, сүүлдээ гэр бүлээрээ нөхөрлөдөг болцгоосон юм. 10 гаруй жил найзалж байгаа, ийм л улсууд. Тэр хүмүүсээс нөхөр бид хоёроос бусад нь бүгд одоо шүүгч болсон.
2. Лифтний бичлэгийг хараад ээж, эхнэр, эмэгтэй хүний хувьд хүндээр хүлээн авч, “шок”-нд орсон. Уур, бухимдал ч төрсөн. Гэхдээ би өөрийгөө гэхээс илүү хоёр хүүхдээ их бодсон. Ялангуяа “14 настай охин минь тэр бичлэгийг үзчих вий, үзээд яах бол” гэж сэтгэл өвдсөн. Магадгүй ганц бие байсан бол нөхрөөсөө салах л байсан байх. Гэхдээ бид чинь хамтдаа амьдралаа бүтээж босгосон, одоо гурван ч хүүхдийн аав ээж шүү дээ. Бүхнийг тайвнаар бодож тунгааж, нөхрийг маань том “юмны” төлөөсөнд, зохион байгуулалттай гүтгэж байгааг ухаарсан. Би гурав дахь хүүхдээ төрүүлээд, 20-иод хонож байна. Нөхөр маань бага хүүхдээ ч хараагүй, ямар хуулийн зүйл заалтаар хэзээ хүртэл яагаад хоригдож байгаа нь ч тодорхойгүй л торны цаана суучихлаа. Тиймээс биеэ тэнхрүүлж аваад, нөхрийг маань гүтгээд байгаа бүхэнд тайлбар хэлнэ гэж шийдээд явж байна.
3. Бичлэг дээрх үйл явдал 2021 оны нэгдүгээр сарын 21-нд болсон байдаг. Гэтэл бичлэгийг 2021 оны хоёрдугаар сард цацсан. Тэнд тийм үйл явдал болсныг, бичлэгт гурван эмэгтэй гарахыг яаж мэдэв? Сарын өмнө болсон үйл явдлыг яагаад сарын дараа цацав, яагаад манай нөхрийн хувь хүний шинжтэй үйлдлийг олон нийтийн шүүмжлэлд аваачиж жигшээн зэвүүцүүлэв? Хэний ч танихгүй өмгөөлөгч Баасанцогтыг яагаад олны анхааралд аваачив гэдэг сонин. Би хуулийн сургууль төгссөнөөсөө хойш одоог хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна. Ийм учраас аливаад дүн шинжилгээ хийх чадвартай болчихсон хүн. Ингээд энэ бүхнийг дүгнэсэн.
4. Лифтний бичлэг цацагдсаны маргааш л ЦЕГ-ын Баатархүү гэх хүн хэвлэлийн хурал хийж, Б.Баасанцогт биеэ үнэлэлт зохион байгуулсан гэж мэдээлсэн. Зохион байгуулахыг завдсан, эсвэл болзошгүй гэх зэрэг үг ашиглаагүй. Шууд л зохион байгуулсан гэсэн. Шүүх тогтоогоогүй байхад яагаад ЦЕГ ийм мэдээллийг шуурхай хийсэн юм бэ?
5. Бичлэгт гардаг гурван эмэгтэйгээс цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан. Тэр гурван эмэгтэйн нэг нь Отгонбаатар шүүгчийг л таньдаг. Отгонбаатар надад мөнгө өгөх ёстой байсан. Түүнийгээ Баасанцогтоор шилжүүлүүлсэн гэж мэдүүлсэн. Нөгөө хоёр эмэгтэй нь Баасанцогт нарыг танихгүй, тэнд л анх удаа уулзсан гэдэг. Гэтэл цагдаа Отгонбаатараас одоо хүртэл тайлбар аваагүй, тэр гурван эмэгтэй биеэ үнэлээгүй гээд гэрчийн мэдүүлэг өөрсдөө өгөөд байхад л Б.Баасанцогтыг биеэ үнэлэлт зохион байгуулсан гээд ялласаар байна.
6. Бид нар гэр бүлийн найзууд учраас, шинэ жил, зуны зугаалгад хамтдаа явдаг. Аяллын хуримтлалын мөнгө, ажил явдал, хүүхдийн үсний найранд зориулж цуглуулсан мөнгийг хүртэл авилгын гүйлгээ гээд л гүтгэж байна лээ.
7. Мөн Шүүгч нарт авлига өгөхийг завдсан гэж манай нөхрийг буруутгаж байгаа. Гэтэл манай нөхөр, би шүүгчдийг таньдаг, шүүгчидтэй найзууд. Бидний салбарын хүрээллийн л хүмүүс. Эмч нар эмчтэйгээ, сэтгүүлч сэтгүүлчидтэйгээ найзалдаг биз дээ. Бид тийм л найзууд. Шүүгч нар руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн заримыг нь өсгөсөн байсан. Мөн шүүгч Э нь манай нөхрийн дарга байсан хүн. Нөхөр нь “Мөнгөнгүүр эмнэлэгт яаралтай хагалгаанд орох боллоо, мөнгө зээлээч ээ” гээд манай нөхөр 6,3 сая төгрөг зээлүүлсэн. Шүүгч Э зээлж авсан мөнгөө хоёр ээлжийн амралтынхаа мөнгөөр буцааж төлнө гэж хэлээд буцаагаад ч төлсөн. Гэтэл одоо шүүгч Э-г авлигадсан гээд манай нөхөр яллуулж байгаа. Шүүгч Э-гээр ч ямар нэг хэрэг огт шийдүүлээгүй.
Ярилцлагыг дээрээс үзнэ үү.