Манай улсад насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь буюу 90 орчим мянган хүн архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа гарчээ. Архины тухай ямар нэгэн бодлого боловсруулахгүй, энэ хэвээр явсаар байвал энэ тоо 200 мянгад хүрэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Манай улсын 21-ээс дээш насны нэг хүнд жилд 54 литр архи, согтууруулах ундаа ногдож байна. Үүнээс 12 литр нь архи байна. ДЭМБ-ийн судалгаагаар олон улсын түвшинд нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээ 8-9 литрт хүрсэн бол тухайн улс, үндэстэнд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад нэг хүнд ногдох архины хэмжээ 12 литрт хүрээд байгаа нь аюулын түвшинд байгааг илтгэж байна.
Бид Монгол улсын хэмжээнд архинд донтох эмгэг ямар хэмжээнд байгаа болон эмэгтэйчүүдийн архины хэрэглээний талаар “Боржигоны оточ” эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор Б.Пүрэвжаргалтай ярилцлаа. Тэрбээр ингэж ярилаа.
ӨДӨРТ ДУНДЖААР АРХИНЫ ХАМААРАЛТАЙ 15 ХҮН ИРЖ БАЙНА
Архинд донтох эмгэг дан ганц эрэгтэй хүмүүст тохиолддоггүй. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн архидалт ихсэж байна. Архины хэт их хэрэглээ эрэгтэй хүнтэйгээ яг адил 50:50 хувьтай байна гэж судалгаагаар батлагдлаа. Манай эмнэлэгт өдөрт дунджаар 15 үйлчлүүлэгч ирдэг. Үүний гурав нь эмэгтэй хүн байна. Учир нь ихэнх эмэгтэйчүүд өөрсдийгөө архинд донтсон гэж хүлээн зөвшөөрдөггүй. Эмчлүүлэхээр ирж байгаа эмэгтэйчүүд ихэвчлэн гэр бүлийн шахалтаар ирдэг.
АРХИНД ДОНТОХ ЭМГЭГ ЭХЭЭС УРАГТ УДАМШДАГ
Эмэгтэй хүн архи хэтрүүлж хэрэглэх нь эрэгтэй хүнээс илүү хор хөнөөлтэй. Учир нь эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ. Сүүлийн үеийн судалгаагаар архинд донтох эмгэг удамшдаг нь нотлогдсон. Тиймээс жирэмсэн, төрөх насны эмэгтэйчүүд архи хэтрүүлэн хэрэглэснээр урагт эсийн бүтэц өөрчлөгддөг. Эсийн бүтэц өөрчлөгдсөнөөс шалтгаалан архинд донтох өвчин удамших, зан төрхийн, төрөх үйлийн өөрчлөлттэй, дон болон донтох эмгэгтэй, сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай үр хүүхдүүдийг бий болгож байна.
МАНАЙ УЛСАД АРХИНД ДОНТОХ ЭМГЭГИЙН НАС ЗАЛУУЖИЖ БАЙНА
Хэдэн өдөр үргэлжлүүлж ууснаас болж элгэнд дутуу задарсан архины хор уураг тархинд маш түргэн хугацаанд нөлөөлж байна. Үүнээс шалтгаалан архинд донтох эмгэгийн нас залуужиж байна гэж үзэж байна. Монголд 19-25 насны хүмүүст архинд донтох эмгэг илүү тохиолдож байна" гэсэн судалгаа байна.
Монгол хүмүүсийн архины донтолт нэмэгдэж байгаа шалтгаанд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна.
- Нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн байдал, ажилгүйдэл, нийгмийн сөрөг хүчин зүйлүүд
- Хоёрдугаарт, Монгол хүний сэтгэл зүйн онцлогууд
- Гуравдугаарт, Монгол хүний биологийн хүчин зүйл болох бие организм, тухайн архийг хүлээж авах чадвар, архинд хоруу чанар нөлөөлөх байдал нь хамгийн эрсдэлт хүчин зүйл гэж үзэж байна” гэлээ.
Видео мэдээг дээрээс үзнэ үү.