Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн Украины цэргийн хүчин Оросын армийн эсрэг амжилттай сөрөг довтолгоо хийж байна. Тэд одоогийн байдлаар 8000 км.кв газрыг Оросын цэргүүдийн хяналтаас эргүүлэн аваад байна.
Тодруулбал, Украины цэрэг CNN-д өгсөн ярилцлагадаа тэд Изюм хот, Харьков мужийг бүхэлд нь чөлөөлсөн талаараа хэлжээ. Энэ муж нь Орос-Украины дайн эхэлснээс хойш Оросын цэргүүдийн байрлаж байсан гол баазуудын нэг бөгөөд ийм хурдан чөлөөлөгдсөн нь Украины цэргийн хүчний чадал, цаашлаад барууны орнуудын зэвсгийн тусламжийн үр нөлөөг харуулж байна гэж хэвлэлүүд тодотголоо.
Одоогоор Изюм хотод нуугдсан Орос цэргүүдийг хайж олох, тэдэнд тусалсан хүмүүсийг хайх ажил үргэлжилсээр байна. Харин гудамжаар өнгөрч буй цэргүүдтэй хотын иргэд мэндэлж, гар барих тохиолдол их байгааг CNN агентлаг газар дээрээс нь очиж сурвалжилжээ. Гэхдээ Украин иргэд дахин дайралт ирэх вий гэсэн айдас хэвээр байгаа юм. Украины цэргүүд Изюм хотоос гадна бусад чөлөөлсөн газар нутгаа хэвийн байдалд буцаахаар ажиллаж байна. Украиныг сэргээн босгоход дор хаяж 349 тэрбум ам.доллар шаардлагатай талаар шинэ тайланг NY Times мэдээллээ.
Эх сурвалж: CNN, NYTIMES