Өрөг.мн сайт “Дарлагдсан охид ба боксын холбооны нууц” эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн. Нэвтрүүлгээр Монголын боксын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир тамирчин охидод удаа дараа бэлгийн дарамт үзүүлж ирсэн тухай баримтыг дэлгэсэн юм. Нэвтрүүлгийг цацсанаас хойш иргэд манай редакцид хандаж, дасгалжуулагч Пүрэв-Очирын тухай баримт ирүүлсээр байна.Энэ удаад бид “Эрдэнэт” хотод боксын дасгалжуулагчаар ажилладаг Н.Мөнхтэнгэртэй холбогдогдлоо. Түүний тухайд өдгөө өөрийн “Инээмсэглэл” боксын клубээ ажиллуулдаг. Үүнээс өмнө Б.Пүрэв-Очирын туслахаар ажиллаж байжээ. Тэрбээр ярихдаа “Охид бэлгийн дарамтад өртдөг байсан тухайгаа надад ярьж байсан. Үүнийгээ зогсоо гэж би өөрт нь ч хэлсэн удаатай. Охидыг оройн цагаар машинаараа гэрт нь хүргэж өгөх зэргээр далим гаргаж, бэлгийн дарамт үзүүлдэг гэж тамирчид ярьж байсан” хэмээн ярилаа.
Мөн Хохирогч Д-тэй утсаар холбогдоход “Бэлгийн дарамтад орсныхоо дараа яахаа мэдэхгүй байсан. Үхэх тухай ч бодож байсан” хэмээн ярилаа.
Боксын тамирчид бэлгийн дарамтад өртсөн асуудлаар 2017 оноос эхлэн хууль хяналтын байгууллагад хандсан байдаг. Гэвч хэргийг дарагдуулж, авч хэлэлцэхгүй хэрэгсэхгүй болгож ирсэн хэмээн тамирчид гомдолтой байна. Тэд өөрсдөө маш их зориг гаргаж, энэ удаад боксын холбоондоо хандсан, хэвлэлд ч мэдээлэл өгч байна.
Өнөө өглөөнөөс хойш манай редакцтай хоёр ч хуулийн фирмээс холбогдоод байна. Шаардлагатай тохиолдолд боксын тамирчин охидод эрх зүйн туслалцаа үзүүлнэ, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Хамгийн сүүлд бид Монголын боксын холбооны Ерөнхийлөгч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай холбогдсон. Түүний хувьд шигшээ багийн дасгалжуулагч Пүрэв-Очирыг ажлаас нь чөлөөлсөн талаар мэдэгдсэн юм. Мөн өмгөөллийн хоёр ч байгууллага манай редакцид хандаж, шаардлагатай тохиолдолд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээ илэрхийллээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.