Белград хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс ОУХМ Б.Хулан мөнгөн медаль хүртэн, монгол түмнээ баярлууллаа. Эмэгтэйчүүдийн 53 кг-д барилдсан тэрбээр дэлхийн дэвжээнд анх удаа барилдаад үзүүрлэсэн нь энэ.
Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гийн хошой хүрэл медальт, 2022 оны улсын аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Хулан аваргын төлөөх барилдаанд Пан Америкийн аварга, АНУ-ын Доминик Пэрришт 4:2-оор ялагдлаа.
Түүний анхны багш Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний дасгалжуулагч Х.Магвандорж, одоогийн багш нь Ардын багш З.Дүвчин.
Б.Хулан “ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Дэлхийн аварга болоход ойрхон байлаа.
Америкийн тамирчныг ялах маш том боломж байсан. Дэмий хоёр оноо алдчихлаа. Дараа жил дэлхийн аварга болж, дутуугаа гүйцээнэ ээ.
Аваргын төлөө барилдахын өмнө З.Дүвчин багштай холбоо барьсан. “Миний охин өөрийнхөөрөө, тайван барилдаарай” гэсэн.
Амжилтаа ахиулахыг хичээнэ ээ. “Аврагч” спорт хороо, аав, ээждээ, багш нартаа, бүх хүнд баярлалаа” гэлээ.