Спортын хорхойтон бүхэн олимп, дэлхийн шилдгүүдтэй хамт бэлтгэл хийхийг мөрөөддөг. Гэвч тийм боломж олдох нь хуруу дарам. Тэгвэл олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ бокс, фитнессийн клуб байгуулжээ. Ингэснээр түүний удирдлагад бэлтгэл хийн, ур туршлагаас хуваалцах боломж хүн бүхний өмнө нээгдэв.
Тэрбээр хүмүүст энгийн, ойлгомжтой байлгахын тулд клубээ зүгээр л “Фитнес бокс” гэж нэрлэжээ. Үүний сацуу клубээ орчин үеийн бүхий л тоног төхөөрөмжөөр ханган, бэлтгэл хийх, амжилт гаргах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна. Биднийг очиход цэлгэр, цэмцгэр орчинд, У.Мөнх-Эрдэнэ гавьяатын удирдлагад цөөнгүй хүн боксын бэлтгэл хийж байв. Тэдний нэг нь “У.Мөнх-Эрдэнэ бол миний хамгийн хайртай тамирчин. Хүндэлж, хайрлаж явдаг тамирчныхаа удирдлагад бэлтгэл хийн, арга туршлагаас нь заалгана гэж төсөөлж ч байгаагүй. Ёстой гоё байна” гэлээ.
ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХ, КЛУБЭЭ НЭЭХ САНАА ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ ТӨРСӨН
-Дасгалжуулагч болох, клубээ байгуулах санаа танд хэзээ төрөв?
-Дасгалжуулагчаар ажиллах, клуб нээх санаа хоёр жилийн өмнөөс төрсөн. Түүнээс өмнө яг ямар мэргэжлээр ажиллахаа шийдээгүй байсан юм. Клуб нээхэд тоног, төхөөрөмжөөс авхуулаад бэлтгэл ажил, бэлдэх зүйл их байдаг юм байна. Өмнө нь ийм ажил хийж үзээгүй надад бүр ч амаргүй байлаа.
Клубээ нээгээгүй байхад хүмүүс надаас “Дасгалжуулагч болсон уу, хаана бэлтгэл хийдэг вэ. Хамт бэлтгэл хийж болох уу” гэж их асуудаг байсан. Тухайн үед би хувийн зааландаа ганцаараа бэлтгэл хийдэг байв. Олон хүнтэй хамт бэлтгэл хийх боломжгүй байсан юм л даа. Тэгж асуудаг байсан, надаар бокс заалгах хүсэлтэй хүмүүст тийм боломж бүрдлээ. Бүх насны, хүссэн хүн бүхэн манай клубт бэлтгэл хийх боломжтой.
Манайх Зүүн хүрээ хотхоны гурван давхарт үйл ажиллагаа явуулж байна. Зүүн дөрвөн замын уулзвараар гарч, “Петровис”-ын шатахуун түгээх станцыг өнгөрөнгүүт манай клубийн хаяг шууд харагдана.
-Фитнес, боксын бүхий тоног төхөөрөмжөөр клубээ тохижуулж. Бүх зардлыг нь та гаргасан уу?
-Тэгсэн. Санхүүгийн талыг би өөрөө 100 хувь зохицуулж байгаа.
-Хүмүүс клубтээ аль болох догь нэр өгөхийг хичээдэг. Та “Фитнес бокс” гэж энгийн нэрлэсэн нь сонирхол татаж байна. Өөрчлөх бодол бий юү?
-Хүмүүст түргэн хүрэх, ойлгомжтой байлгах, цаг алдахгүйн тулд “Фитнес бокс” гэж нэрлэсэн. Тэгээд гаднаа байрлуулчихсан байгаа. Хаанаас нь ч харсан энд фитнес, бокс хичээллүүлдэг юм байна гэж ойлгогдохоор байгаа биз. Боксын клуб маань “Аltai sayan” гэдэг нэртэй.
ӨДӨР БҮРИЙН БЭЛТГЭЛЭЭ БИ ӨӨРӨӨ ОРНО
-Клуб нь хэдэн төгрөгийн төлбөртэй вэ?
-Манайх нээгдээд удаагүй тул нээлтийн хямдралтай байгаа. Фитнес сарын 100.000 төгрөгийн төлбөртэй. Боксын сарын төлбөр нь хүүхэд 100.000, 16-17 насны хүүхэд 150.000, том хүн 200.000. Төлбөрөө гурван сараар төлбөл тав, зургаан сараар төлбөл 10 хувийн хямдралтай. Мөн хагас, бүтэн сайнд нэг удаа хичээллэх ангиуд байгаа. Нэг удаагийн төлбөр нь 150.000 төгрөг.
-Боксын бүх бэлтгэлээ та өөрөө орох уу?
-Тэгнэ. Боксын бэлтгэлээ спортын мастер Бат-Оршихын хамт заана. Би өдөрт 05.30 минутад босдог. Бэлтгэл дээрээ 07.00 цагт ирнэ. Тэгээд эхний бэлтгэлээ 07,20 минутад ордог. Дараагийн бэлтгэл 09.30-11,00 цагийн хооронд орно. Би хоёр дахь бэлтгэлийн дараа, 14.00 цаг хүртэл үдийн цайндаа орж, амардаг. Энэ хооронд Бат-Орших дасгалжуулагч бэлтгэл хийлгэнэ. Би буцаж ирээд 14.00-21.00 цаг хүртэл тасралтгүй дасгалжуулна. Өдөр бүр 07.00-22,00 цаг хүртэл ажиллах манай клубт Б.Бат-Оршихоос гадна Есүй дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Мөн булчингийн массаа нэмэх, бие бялдраа хөгжүүлэх, гоё сайхан харагдах хүсэлтэй хүн бүхэнд манай фитнесийн үүд нээлттэй.
-Дасгалжуулагч болж, клуб нээснээр таны амьдралд, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарав?
-Мэдээж амьдралын хэмнэл өөрчлөгдлөө. Клубтээ өдөржин бужигнаж өнждөг боллоо. Тамирчин, дасгалжуулагч гээд спортын салбартаа байгаа учраас нэг их хүндрэл, өөрчлөлт алга. 50-60 хувь л өөрчлөгдсөн юм уу даа.
ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
-Одоо бүх анхаарлаа дасгалжуулагчийн карьер, клубтээ зориулах уу. Тамирны хувиар тэмцээнд оролцох уу?
-Би зодог тайлаагүй. Тиймээс ганц нэг тэмцээнд оролцоно. Дасгалжуулагчаа давхар хийгээд явна. Дасгалжуулагч, тамирчин гэж хэлж болно.
-Мэргэжлийн тамирчдад бэлтгэл орох уу?
-Намайг зориод ирвэл татгалзахгүй. Цохилт суръя, биеэ хамгаалж суръя, бие бялдраа хөгжүүлье гээд хувь хүн хандвал хүссэн хэмжээнд нь зааж өгнө. Тэмцээн уралдаанд оролцъё, тамирчин болъё гэвэл тэр талаас нь хөгжүүлнэ. Би бүр дуртайяа туслана, боломжоороо дэмжинэ. Манай клубт ирж бэлтгэл хийгээрэй гэж хүн бүхнийг уръя. Би мэддэг, чаддаг бүхнээ заан, ур чадвар, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна.