Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) дээд түвшний уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Узбекстан улсын Самарканд хотод хүрэлцэн ирлээ.
2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай улс ажиглагч орны статустай оролцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургаадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана.
Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн. ШХАБ нь ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казакстан, Укбекстан, Пакистан, Киргиз, Тажикистан гэсэн найман гишүүн орон, ажиглагч орны статустай Афганистан, Иран, Монгол, Беларусь, яриа хэлэлцээний түнш Азербайжен, Армени, Балба, Камбож, Турк, Шриланк гээд нийт 18 улсыг хамарсан байгууллага юм.