Засгийн газрын ээлжит хуралдаанаар МХЕГ-ын 28 чиг үүргийг яамдад хуваарилах талаар ярилцсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллээ.
Тэрбээр, "МХЕГ нь өнөөдрийн хувьд 26 хяналт, нэг шалгалт, нэг лабораторийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Эдгээр чиг үүргүүдийг тараан байршуулах буюу бодлогын яамдад хуваарилах боломжтой гэж харж байна. Нийт 9-11 яаманд МХЕГ-ын чиг үүргийг хуваарилах боломжтой гэсэн судалгаа гарсан. Яамдаар дамжуулан мэргэжлийн холбоод, ТББ-уудаар хянуулах боломжтой. Нийт хяналт шалгалтынх нь 40 орчим хувийг мэргэжлийн холбоод, ТББ-уудаар гүйцэтгүүлнэ.
Эрүүл мэнд, хүнс, эм зэрэг хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудлыг мэргэжлийн хяналтын өндөр түвшинд авч явах нь зүйн хэрэг. Салбар бүрт байцаагч ажиллана.
Статус үйл ажиллагааны хувьд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх чиг үүрэгтэй агентлаг болно. ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдана. Төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавина. Засгийн газрын харьяа байгууллагын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авах, хянан шийдвэрлэх зэргийг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгож байгаа.
Харин гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зэвсэгт хүчин, тагнуул, үндэсний аюулгүй байдлын хамгаалал, төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаанд хамаарахгүй. Гадаад харилцаа, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр, батлан хамгаалах зэрэг төрийн үүрэг гүйцэтгэх ажиллагаанд дээр дурдсанаас бусад асуудалд хамаарч ажиллана.
Энэ агентлагт зориулсан хуулийг шинээр бичиж өргөн барина" хэмээлээ.