Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан цементийн импортын татварыг он дуустал тэглэх саналыг оруулжээ. Эл саналыг Засгийн газар хэлэлцэж, дэмжсэн байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, "Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын тогтоолд өөрчлөлт орууллаа. Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гарлаа. Цаг үетэй холбогдуулан ийн шийдвэрлэлээ.
Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалт зургаа дахь жилдээ үргэлжилж байна. Энэ замыг 2022 ондоо багтаан хатуу хучилттай болгон бүрэн хөдөлгөөнийг нь нээхээр ажиллаж байна. Цементийн нийлүүлэлт тасрахгүй бол энэ зорилтыг бид хангаж ажиллаж чадна" гэж ярив.
Ташрамд дурдахад, өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоол болон бусад 25 асуудлыг хэлэлцэж буй юм.