Хөгжлийн банк “Гантиг вилла” хотхоныг өөрийн эзэмшилд бүртгэн авснаар 86.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эргэн төлөгдөх боломж бүрдэж байна.
Хөгжлийн банкнаас 2017, 2018 онуудад “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж гурван удаагийн нийт 31,8 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
Гэвч уг зээлийн эргэн төлөлт хангалтгүй болж чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Тиймээс Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-аас 32.1 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Мөн Засгийн газраас баталсан 6 хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкан дээр 92 төсөлд зориулан Капитал банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулжээ.
Энэ гэрээний хүрээнд 73.6 тэрбум төгрөгийн зээл олгосон ч 54.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй байжээ.
Дээрх хоёр зээл нь нэг эзэнтэй буюу харилцаа хамаарал бүхий компаниуд болох нь тогтоогдсон тул зээлийн эргэн төлөлтийг “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны хувьцаа эзэмшигч “Бишрэлт холдинг” ХХК нь барагдуулах үүрэг хүлээсэн. Тухайн компаниас Хөгжлийн банкинд “Өр төлбөр барагдуулах санал” ирүүлсэний үндсэн дээр талууд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Өр төлбөр барагдуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан байна. Ингэснээр Хөгжлийн банкны зээлийн чанаргүй ангилалд ороод байсан 86.6 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр боллоо.