Монголын бүхий л спортын тамирчдын амжилт, хөгжлийг Орхон аймгийн “Хангарьд” спорт хороогүйгээр төсөөлөхийн аргагүй. Олимп, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсган, монгол түмнээ баярлуулсан олон, олон алдартан “Хангарьд”-ынх. Тэр тусмаа тус хорооны ширэн бээлийтнүүдийн амжилт нэлээд жин дарна.
Өнөө жилийн Бүх ард түмний наадмын боксын тэмцээнд С.Баттулга дасгалжуулагчийн удирдлагад “Хангарьд”-ын боксчид оролцож байна. Наадмын үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Бүх ард түмний наадмын өмнөх бэлтгэлээ хэрхэн хийв. Хэчнээн тамирчинтай оролцож байгаа вэ?
-Бид наадмын өмнөх бэлтгэлээ “Хангарьд” клубтээ базаалаа. Орхон аймгийн Эрдэнэт хотоос 18 тамирчны хамт Улаанбаатарт ирэн, энэ удаагийн наадамд оролцож байна.
-Хэчнээн түрүү хүртэх, ямар амжилт гаргах зорилготой оролцож байгаа бол?
-Бүх ард түмний наадмын аварга болох боломж бүх шавьд минь бий. Яг тэдэн жинд түрүүлнэ, төдөн медаль авна гээд хэлэхэд одоо арай эрт байна. Мэдээж тамирчин бүхнээ түрүүлгэх юм сан гэж зорилгүй яах вэ. 13 жинд түрүүлэхийн төлөө зүтгэнэ дээ.
-Өмнө нь “Хангарьд”-ынхан ямар амжилт гаргаж байсан билээ?
-Жил жилийн Бүх ард түмний наадамд манай тамирчид өндөр амжилт гаргасаар ирсэн. Багаараа хоёр удаа түрүүлж байсан. Өмнөх амжилтаа батлах, ахиулахын төлөө хичээнэ.
-Тамирчдын амжилтад ивээн тэтгэгч, дэмждэг байгууллага их нөлөөлдөг. Та бүхнийг Орхон аймгийн БТСГ, “Эрдэнэт үйлдвэр” хэрхэн дэмждэг вэ?
-“Хангарьд”-ын бүхий л тамирчдын амжилт Орхон аймгийн БТСГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай салшгүй холбоотой. Бид зөвхөн бэлтгэлээ хийн, тэмцээндээ л анхаарлаа хандуулах боломж, нөхцлөөр бүрэн хангадаг. Энэ нь тамирчдын амжилта маш их нөлөөлдөг.
Үргэлж амжилт гарган, ачийг нь хариулахыг “Хангарьд”-ын тамирчид зорьдог. Тогтмол дэмжиж, бүхий л боломж, нөхцлөөр хангаснаар тамирчдын амжилтад асар их нөлөөлдөг.
-Тэмцээн, уралдаан, бэлтгэлийн бүх зардлыг “Эрдэнэт үйлдвэр”-ээс даадаг уу, тодорхой хувийг нь гаргадаг уу?
-Бүх зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас даадаг. Тамирчид зөвхөн бэлтгэл, тэмцээндээ анхаарал хандуулах боломжийг олгодог.
-“Хангарьд”-д хэчнээн боксчин бэлтгэл хийдэг вэ?
-Хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид нийлээд 80 гаруй тамирчин бэлтгэл хийдэг.
-Та “Хангарьд”-д хэчнээн жил дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ?
-Би “Хангарьд” спорт хорооныхоо тамирчин байсан. Зодог тайлсныхаа дараа буюу 2008 оноос дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажилласан. Амжилтын төлөө зүтгэж, хөлс, хүчээ урсгаж явсан “Хангарьд”-даа дасгалжуулагчаар ажиллан, залгамж халаагаа бэлтгэж яваагаараа бахархдаг. Миний хоёр дахь гэр л гэсэн үг.
Монгол Улсынхаа, “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ, Орхон аймгийн биеийн тамир, спортын газрынхаа нэрийг өндөрт гаргасан сайн тамирчин олныг бэлтгэхийн төлөө хичээж явна.