Dota 2-ын дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн "The International (TI)" тэмцээний Зүүн Өмнөд Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр эхэллээ.
Нийт 13 баг оролцож буй тэмцээнд Монголын төлөөлөл "Team Lilgun" баг өрсөлдөж эхний тоглолтоо бүсийнхээ хамгийн хүчирхэг багуудын нэг "Talon Esports"-той "Upper Bracket"-ын шөвгийн наймд хийлээ.
Багууд BO3 буюу хэн түрүүлж хоёр хожсон нь цааш шалгарах хасагдах шатны системээр тоглож байгаа ба Lilgun баг 2-0 харьцаагаар хожигдлоо.
Улмаар "Lower Bracket"-ын хоёрдугаар шат руу унаж Dota 2-ын хамгийн том лиг болох "DPC Dota Pro Circuit"-ын хоёрдугаар зиндаанд гуравт бичигдсэн "Army Geniuses" багтай маргааш өглөө 09:00 цагаас тоглохоор болов. Индонезод төвтэй Army Geniuses багт "NARMAN" буюу Р.Нармандах тоглодог билээ.
DPC-ын хоёрдугаар зиндаанд дэд байрыг эзэлж ирэх улирлаас дээд лигийн багуудтай тоглохоор болсон Lilgun хожвол Lower Bracket-ы гуравдугаар шатанд шалгарч боломжоо хадгалж үлдэнэ.
Үргэлжлүүлээд өнөөдөр 16:00 цагаас "FortuneSoul (О.Ялгуунсаран)", "Se (Д.Төгстөр)" нарын Монгол тоглогчтой Филиппиний "Neon Esports" баг Малайзын "RSG" багтай тоглоно. Тэмцээнийг энд дарж шууд үзэх боломжтой.